Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа
явуулж буй Хонконгийн хөрөнгө оруулалттай \”Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан
химийн хорт бодис ашиглах үйл ажиллагаандаа хяналт тавиагүйн улмаас байгаль
орчинд хор хохирол учруулж, цианит натри асгасан хэрэг хоёр удаа гарсан билээ.
Эл алдаа гаргасан явдалд нь холбогдох байгууллагаас арга хэмжээ авалгүй,
асуудлыг нуун дарсан, ажилчдадаа гадагш мэдээлэл гаргахгүй байхыг үүрэгдсэн гэх
мэдээлэл өмнө нь дуулдаж байсан удаатай. Түүнээс гадна тус компанийн удирдлага
зарим мэдээллийн хэрэгслээр төлбөрт мэдээлэл цацаж, \”Бид байгаль орчинд хор
хохирол учруулсан үйл ажиллагаа явуулаагүй” хэмээн \”арьсаа” хамгаалж эхэлсэн.
Тэгвэл ийнхүү удаа дараа алдаа гаргаж, байгаль эхэд хор хохирол
учруулсан дээрх компанийн үйл ажиллагааг зогсоожээ. Цагаан сарын өмнөөс эхлэн
хэсэгчлэн үйл ажиллагааг нь зогсоожээ. Эхний удаад хоёр сарын хугацаатай үйл
ажиллагааг нь зогсоосон байгаа ч цаашдаа ажиллах үгүй нь сайн мэдэгдэхгүй
байгаа ажээ.
Харин энэ талаарх мэдээллийг гадагш гаргахгүй байхыг тус
компаний удирдлагууд ажилчдадаа үүрэгдсэн сурагтай. Завхан нь уул, тал хээр,
говь хосолсон экосистемтэй, уул уурхайнханд талхлагдаагүй үлдсэн аймаг гэж
хэлэхэд болохоор байв. Гэвч Хонконгийн \”Керри” группийн 80 хувийн хөрөнгө
оруулалттайгаар \”Баян-Айраг эксплорэйшн” компани 2002 оноос хайгуулын, 2008
оноос ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт, мөнгөний 50 тоннын нөөцтэй ордыг 30
жилийн хугацаагаар эзэмшихээр болжээ. Улмаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын
Цогт багийн нутагт боловсруулах үйлдвэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Хүн
амьдарч байгаа газар учраас халуун ус, цахилгаан гээд хүний хэрэгцээт бүхэн
шаардлагатай. Тийм ч учраас уурын зуух ажиллуулан халаалт, дулаанаа
шийдвэрлэсэн аж.
Тус компанитай холбоотой таагүй мэдээлэлүүд олон гардаг бөгөөд
өнгөрсөн 2014 онд уурын зуухны хоёр ажилтан нь түлэгдэж, гэмтсэн хэрэг гарсан
байдаг. Тус сумыэ нутаг дэвсгэрт цианит натри хөрсөнд нь шингэсэн байж
болзошгүй гэсэн мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт гаргасан байдаг. Учир нь олон
тооны шувуу үхэж, байгалд хор хохирол учруулаад байна гэсэн өргөдлийг сумын
иргэд хууль хяналтын байгууллагад тавьсаны эцэст өргөдлийг холбогдох газраас нь
шалгахаар болсон. Тухайлбал, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн 214
дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, аймгийн прокурорын
газраас эрүүгийн хэрэгт хяналт тавин ажилласан байдаг.
Мөн \”Цагдаа, химийн шинжээч, хөрс судлаач, нөлөөлөх байдлын
үнэлгээний шинжээч, мэргэжилтэн, экологич гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг
\”Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд ажиллаж, шинжилгээ хийсэн. Тус
уурхайн лабораторид хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар цианит натритай ус
хөрсөнд шингэж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Ийнхүү байгальд
ээлгүй ханддаг хор хөнөөлтэй компанийн үйл ажиллагааг зогсоосон нь зөв гэдгийг
нутгийн иргэд хэлж байна.
О.Сайхан