Сүүлийн үед оросын хэвлэлээр цөмийн цэнэгт хошуу бүхий пуужин тээвэрлэж, оросын нутаг дэвсгэрээр зогсолтой явах зориулалттай \”Баргузин\” гэдэг шинэ галт тэрэгний цогцолборын тухай гарах боллоо. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол шинэ галт тэрэгний зураг төслийг боловсруулж дууссан бололтой. ЗХУ-ын үед ийм төрлийн галт тэргийг анх бүтээн ашиглаж байв. Харин 2002 онд ОХУ болон АНУ-ын хооронд байгуулсан \”Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах\” гэрээний хүрээнд эдгээр галт тэрэгнүүдийг 2005 оноос зэвсэглэлээс хассан түүхтэй.
РТ-23УТТХ буюу \”Молодец\” гэж нэрлэж байсан пуужингийн цогцолборыг бүтээх ажил 1983 оноос эхлэж 1989 онд зэвсэглэлд оруулж байлаа. Гэхдээ уг пуужинг төмөр зам, автомашин болон уурхайгаас харвах боломжтой байдлаар бүтээжээ. Оросууд \”Молодец\” загварын галт тэрэгний 12 цогцолборыг бүтээн зэвсэглэлд оруулжээ. Цогцолбор/галт тэрэгний нэг цуваа нь тус бүр нь 3 вагоноос бүрдэх пуужингийн харвах суурь, 7 вагоноос бүрдэх удирдлагын төв, түлшний вагон, \”ДМ-62\” загварын хоёр зүтгүүр нийтдээ 18 орчим вагоноос бүрддэг байв. 22,6 метр урт, 2,4 метр диаметр бүхий пуужингийн тусгал нь 10100 км, \”бай\”-г онох нарийвчлал 200-500 метр, пуужингийн гарааны жин 104,5 тонн жинтэй байсан юм. Нэг пуужингийн толгой нь 10 бие даасан цөмийн цэнэг болж задрах ба эдгээр цэнэгүүд тус бүр нь 400 кт хүчин чадалтай \”аймшигтай\” зэвсэг байсан юм.