Ардчилсан намын бодлогын зөвлөлөөс зохион байгуулсан \”Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт” нээлттэй хэлэлцүүлэгт ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Хэлэлцүүлэгт 80 гаруй хүн оролцсон бөгөөд Хүнс, Хөдөө аж ахуйн салбарт явуулж буй төрийн бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
2015 оны эцсийн байдлаар ХХААЯ-ны ажлын гүйцэтгэл 83.2 хувьтай байна. Салбарын шинэчлэлийн хувьд ХХАА-н салбар нь халамжийн бодлоготой байсан бол хөгжлийн бодлого руу, импортлогч орон байсан бол экспортлогч орон болох бодлогыг барьж байгаа. Түүнчлэн татаас бүхий салбар байсан бол хөрөнгө оруулалтын салбар руу шилжиж байна. Энэхүү шинэчлэлийг хийхдээ хууль эрх зүйн зохицуулалт, техник технологийн шинэчлэлийг хийж байна. Үүний үр дүнд ХХАА-н салбар нь эрсдэлгүй, эко салбар болох боломж бүрдээд байгаа юм. Эрхзүйн хувьд \”Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, \”Тариалангийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. \”Малын эрүүл мэндийн тухай хууль”, \”Малын генетик нөөцийн тухай хууль”, \”Органик хүнсний тухай хууль”-иуд УИХ-дээр хэлэлцэх шатандаа явж байгаа. Мөн хаврын чуулганаар \”Бэлчээрийн тухай хууль”-ийг өргөн барина.
Бүтээн байгуулалтын хувьд улсын төсвөөс 15.9 тэрбум төгрөгөөр 4000 га талбайг усалгаажуулаад байна. Мөн инженерийн хийцтэй 4484 худгийг шинээр бий болгож, 12.5 сая мал сүрэг, 22.4 мянган малчин өрхийн усан хангамжийг шийдвэрлээд байна. Чингис бондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын \”Майнд тэч” компани 22.5 тэрбум төгрөгийн зээл авснаар тослог ургамлыг боловсруулах бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Газар тариалангийн салбарт, төмсний механикжилтийн түвшин 11 хувиар, хүнсний ногоо 20 хувиар, үр тарианы техникийн шинэчлэл 13 хувиар өссөн байна.
2015 оны урьдчилсан тооллогоор 56 сая мал тоолуулсны 86 хувь нь бог мал байгаа. 2025 он гэхэд нийт сүрэгт эзлэх үхэр сүргийн хувийг нэмэгдүүлнэ, эрчимжсэн мал аж ахуйг дэмжинэ.
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний импорт, экспорт дээр квот олгодог. 2016 оны эхний хагас жилийн байдлаар 128 мянган тонн махны экспортын квотыг олгосон байгаа. Хөрш орнуудын үхэр, хонины махны хэрэглээ маш их нэмэгдэж байгаа. 2012 онд цөөн хэдэн төрлийн экспорт хийдэг байсан бол 2016 онд олон төрлийн мах, махан бүтээгдэхүүний экспорт хийх боломжтой болох гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн.
Түүнчлэн экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий \”Мах” хөтөлбөр, мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий \”Сайн малчин” хөтөлбөр, \”Газар тариаланг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-үүд батлагдлаа.
Малчны зээлийн хүү жилийн 29.5 хувь байсныг 18 хувьд шилжүүллээ. Ингэснээр 17,557 зээл 18 хувь руу шилжиж байна