Автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, эд зүйлийг нь тоноод, буцаагаад цоожлон алга болдог залууг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өчигдөр баривчилжээ. Хөвсгөл аймгийн харьяат 19 настай Б гэгч нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн харуул хамгаалалт муутай хэсэгт үлдээсэн машинуудад түлхүүр тааруулан, 2015 оноос хойш эд зүйл хулгайлсан бөгөөд эхний мэдүүлгээрээ 26 гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр өгсөн мэдүүлэгтээ “Автомашины жолоочийн талын хаалганд түлхүүр тааруулан дотроос нь нөүтбүүк, гар утас, бэлэн мөнгө зэргийг аваад, буцаагаад цоожилдог” гэжээ.
Харин машины эзэд машин нь цоожтой байсан учраас хулгай орсон гэж анзаарахгүй, цагдаад мэдэгдэхгүй орхисон тохиолдлууд маш олон гарсан бөгөөд тэр ч байтугай хулгайч ороогүй байхад утас, мөнгө, эд зүйл машинаас алга боллоо гэж гэр бүлийнхний хооронд үл ойлголцол, маргаан хүртэл гарсан тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байгаа аж.
Дээрх хэргийг үйлдсэн Б гэгч нь ганцаараа хулгайн хэрэг үйлддэг бөгөөд хулгайлсан эд зүйлээ хямдхан зарж, шөнө нь PC тоглоомын газарт хонон өнжин тоглодог байсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэрээр өмнө нь Хөвсгөл аймгийн шүүхээс албадан ажил хийлгэх ял эдэлж байгаад оргож хотод ирсэн нэгэн бөгөөд урьд нь мөн л хулгайн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгуулж байсан ажээ.