2016 онд БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгээр дээд боловсрол эзэмших хүсэлтэй оюутан залуусыг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
Энэ онд тус улсын 55 хотын 105 их сургуульд нийт 16 мянган гадаад оюутныг тэтгэлгээр сургахаар Туркийн Засгийн газраас шийдвэрлэжээ.
Тус улсад бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах хүсэлтэй иргэд зөвхөн цахимаар хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Ингэхдээ хүн бүр өөрт тохирох зөвхөн нэг хөтөлбөрийг л сонгох юм.
БНТУ-ын ихэнх дээд сургуулиуд Турк хэлээр сургалтаа явуулдаг. Цөөн сургууль англи, франц, араб хэлээр сургалт явуулдаг байна. Хэрэв эдгээр хэлээр Турк Улсад дээд боловсрол эзэмшихийг хүсвэл олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх сертификат эзэмшсэн байх ёстой.
Мөн дээрх хэлээр Турк Улсад дээд боловрол эзэмших байсан ч эхний нэг жилд заавал Турк хэлний бэлтгэл ангид суух ёстой. Үүнд Турк хэлийг бүрэн эзэмшсэн, гадаад оюутнууд хамаарахгүй. Хэлний бэлтгэлээ амжилттай төгссөн оюутнууд чухам аль их дээд сургуульд элсэн суралцахаа сонгодог. Хэрэв аль ч их дээд сургууль таны хүсэлтийг хүлээн авахгүй бол тухайн суралцагчийг БНТУ-д тэтгэлгээр үргэлжлүүлэн сургах боломжгүй.
Суралцах хугацаанд сар бүрийн тэтгэлэг /бакалаврын оюутанд сар бүр 600 турк лир, магистрын оюутанд 850, докторын зэрэг горилж буй бол 1.200 турк лир / олгох аж.
Тэтгэлэгт их сургуулийн төлбөр, нэг жил хэлний бэлтгэл ангид суралцах төлбөр, дотуур байр, хоёр талын онгоцны тийз, эрүүл мэндийн даатгал багтана.
Цахим бүртгэл өнөөдрөөс ирэх сарын 31 хүртэл үргэлжлэх аж.