Гадаад хэргийн яамны ээлжит \”Мэдээллийн цаг” өнөөдөр/2016.03.01/ зохион байгуулагдав.
Энэ удаагийн мэдээллийн цагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ оны 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцох, \”Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, \”Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний Зөвлөлийн анхдугаар хуралдаан, ЮНЕСКО-гийн МҮК-ын хуралдаан болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Түүнчлэн АСЕМ-ын бэлтгэл ажил, гадаад паспорт болонхилийн чанад дахь Монгол иргэд хууль зөрчиж байгаа асуудалтай холбоотой сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Сэтгүүлчид \”АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан долдугаар сарын 15, 16-нд нийслэлийн иргэдийг хотоос гарч, амралт зугаалганд явахыг уриалсан\” гэх энэ асуудлыг сайдаас тодрууллаа. Сэтгүүлчдийн асуултанд Л.Пүрэвсүрэн сайд \”Зарим иргэд Б.Баясгалан даргын уриалгыг хэдийнэ гарчихсан шийдвэр мэтээр хүлээн авч, ихэд бухимдсан. АСЕМ-ийн үеэр иргэдийг хотоос гаргана гэдэг нь ташаа мэдээлэл. Бид дээд түвшний уулзалтын огноог сонгохдоо олон зүйл бодолцсон. Наадмын дараа манай амралт эхэлдэг. Аймаг, сумдын наадам ч болдог. Хотын иргэд зусландаа гарна. Тийм болохоор цахим сүлжээнд бичээд байгаа шиг иргэдийг хотоос хөөх зүйл байхгүй” гэв.
Долдугаар сарын 15-ны орой Чингис хааны талбайд АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад зориулсан баярын үйл ажиллагаа болох юм. Энэ баярт иргэдийг аль болох чөлөөтэй оролцуулахаар ажиллаж байгаа гэдгийг ч мөн дурьдлаа.