Мэргэжлийн йогийн Асана аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо анх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээн нь долдугаар сарын 1-нд Шангри-Ла-гийн спорт клyбт болно. Уг тэмцээнийг олон улсаас Монгол Улсад мэргэжлийн тэмцээн зохион явуулах цор ганц бүрэн эрхийг авсан Монголын мэргэжлийн йогийн спортын холбоо зохион байгуулах юм. Тэмцээн:
-өсвөр нас,
-насанд хүрэгч,
-ахмад настан гэсэн гурван ангиллаар явагдах бөгөөд ялагч нь эх орноо төлөөлөн 2018 оны тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.
Йогийн тэмцээн нь биеийн хүч тамираар йогийн чадвар шаардсан дасгалуудыг урлагтайгаар хийж, цуцалтгүй, тууштай, тэсвэр тэвчээртэй, мэргэжлийн йогчдын тэмцээн юм. Йогийн спортоор хичээллэгсэд бие сэтгэл, оюун бодлын нэгдэл, дотоод амгалангаа хэрхэн хадгалж байгаагаа йогийн спортын үзүүлбэрээрээ харуулах боломжтой байдаг байна.
Йог нь хүнийг зөв төлөвшүүлж, тэсвэр тэвчээртэй, тууштай, үнэнч шударга, бие сэтгэл, оюун бодлыг нэгтгэж, багаар ажиллах чадварыг сайжруулах зэрэг бүхий л эерэг чанаруудыг суулгаж өгдөгөөрөө давуу талтай. Гэхдээ өөрийнхөө эгог дэмжих биш төлөвшиж буй ухамсараа йогийн дасгалаар, йогийн спортын тэмцээнээр батлан харуулах хэлбэр ажээ. Йогийн спортын төрөл нь 400-гаад жилийн өмнөөс бие даан хөгжиж байгаа юм байна. Олон улсын мэргэжлийн йогийн спортын холбооны зүгээс йогийг цаашид олимпийн спортын төрөлд оруулах зорилготой байгаа ажээ.
Тэмцээнд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл бүртгэж байгаа гэнэ. Оролцогчдын хувцаслалт дээр зарим зүйлийг анхааруулжээ.
Эмэгтэй-Нэг эсвэл хоёр салангид усны хувцас, леотард (уран нугараач, бүжигчний өмсдөг хөл, гар ил гарсан бариу хувцас) хөл, гар ил гарсан дасгалын хувцас (бикиниг тооцохгүй)
Эрэгтэй-Бариу шорт хэмээн заажээ.
Оролцогчид ямар нэгэн гоёл зүүлтийн тоог багасгах бөгөөд даруухан аксессуар зүүх боломжтой юм байна. Харин толгойны ороолт, банда зүүхийг хориглодог байна. Мөн хэтэрхий задгай хувцаслалтыг хориглодог аж.
Энэхүү анхдугаар тэмцээнийг Олон улсын йогийн спортын холбооны дэд ерөнхийлөгч, Дэлхийн йогийн спортын аварга алтан медальт, Энэтхэгийн Үндэсний иогийн спортын 8 удаaгийн аварга, Энэтхэгийн йогийн спортын багийн ахлагч асан, Йогийн спортын хаан өргөмжлөлтэй Umang Dawn Монголын Мэргэжлийн Йогийн Спортын Холбооны урилгаар хүрэлцэн ирж шүүх юм байна.