/Зургийг фейсбүүк хуудаснаас авч ашиглав/
\”Нарантуул\” Олон Улсын худалдааны төвд өнөөдөр үүрээр гал гарчээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шөнийн 3:00 цагийн үед захын бөс, барааны хэсэгт гал гарсан байна. Онцгой байдлын албаныхан шуурхай ажиллаж, галыг 5:00 цагийн орчимд бүрэн унтраасан тухай мэдээллээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас галын талаар асуухад, \”03:36 цагт галын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу анги бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг бүрэн унтраасан. Одоогоор галын шалтгааны тогтоохоор ажиллаж байна\” гэсэн юм.
Худалдаачид бараагаа лангуун дороо хадгалдаг байсан нь галыг өргөн хүрээ хамрахад хүргэсэн байна. 2013 оны наймдугаар сарын 22-ны өдөр \”Нарантуул\” ОУХТ-ийн хүнсний захад гал гарч худалдаачдад багагүй хохирол учруулж байлаа. Мөн галын улмаас нэг эмэгтэй хүн золгүй байдлаар нас барьж байсан юм. Тэгвэл 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус худалдааны төвийн нийтийн бие засах газарт гал гарч багагүй хохирол учруулж байсан билээ.
Тэгвэл эдгээр галын дүгнэлтүүд бүгд \”цахилгааны гэмтэл\”-тэй холбоотой гэж гарсан. Харин энэ удаа гал гарсан хэсэг нь гадаа задгай талбайд байрладаг. Тиймээс дүгнэлт \”арай өөр\” гарах болов уу гэж таамаглаж байна. Галын улмаас \”Нарантуул\” захыг гурав хоног хаахаар болсон гэх мэдээллийг эх сурвалж өглөө.
Амар