Саяхан ОХУ-ын Сочи хотноо 2016 оны транзит тээврийн хэмжээ тохиролцох олон улсын хурал болсон. Энэ хурлын үеэр төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцсон байна. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
-Сочи хотноо болсон олон улсын хурлаар Монголын нутгаар явах транзит тээвэр болон экспорт, импортын ачаа тээврийн хэмжээг тохиролцсон. Монгол Улсын талд ашигтай ямар шийдвэр гарсан бэ?
-Өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн манай яамны ажлын хэсэг \”Роснефть” компанийнхантай уулзаж, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан. Энэ ажлын үр дүн гарлаа. Сочи хотноо болсон олон улсын хуралд Монгол, Орос, Хятад, Казахстан, Вьетнам, БНАСАУ-ын төлөөлөл оролцож, 2016 онд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээгээ тохиролцлоо. ОХУ-аас БНХАУ руу Монголын нутгаар дамжуулан тээвэрлэх ачаа нийт 4 сая 102 мянган тонн байхаар тогтлоо. Түүхий нефтийн тээвэр өнгөрөгч оны сүүлчээс дамжин өнгөрч эхэлсэн. ОХУ-аас манай нутгаар дамжуулан тээвэрлэх нийт ачааны 2.5 сая тонн нь түүхий нефть байхаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан. Энэ хэмжээ цаашид өсч 3.5 сая тоннд хүрэх боломжтой.
-Товчхондоо транзит тээврийн хэмжээ нэмэгдэх юм байна гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Дамжин өнгөрөх тээврийн хэмжээг 2.1 дахин нэмэгдүүлэхээр тохирсон. ОХУ-аас БНХАУ руу 2.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Мөн БНХАУ руу экспортоор 6.3 сая тонн ачаа тээвэрлэхээр болсон нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 928.8 мянган тонноор нэмэгдсэн. Харин БНХАУ-аас импортоор авах ачааны тоо хэмжээ 45 хувь буюу 364 мянган тонноор, БНХАУ-аас ОХУ руу 380 мянган тонн ачаа дамжин өнгөрүүлэхээр тохиролцож чадлаа. Харин ОХУ-аас импортоор 1 сая 574 мянган тонн ачаа, ОХУ руу экспортоор 875 мянган тонн ачааг тус тус тээвэрлэхээр тохирсон. Энэ нь өнгөрсөн оноос 45.1-226 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэсэн үг. Нийтдээ транзит ачааны хэмжээ нэмэгдсэнээр энэ онд манай улсад нэмэгдэх орлого 150 тэрбум төгрөг болж байгаа юм.
-Манай улсаас гадагш чиглэсэн ачаа тээврийн хэмжээ хэр байх вэ?
-Монголоос Хятад руу гарах экспортын тээврийн хэмжээг 2016 онд 6 сая 299 мянган тонн байхаар тохирсон. Дийлэнх нь буюу 5 сая тонн нь төмрийн хүдэр байх юм. Түүнчлэн төмрийн хүдрийн баяжмал, цайрын хүдэр, чулуун нүүрс, жонш, чингэлгийн тээвэр ч хийнэ.