Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж, иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарчээ. Энэ хэргийг Нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж, холбогдогчийг тогтоосон байна. Тухайн этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, иргэдийг “Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна” хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхлэдэг байж.
Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн II хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг байна. Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг юм. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд “мэргэжлийн хяналтаас явж байна” гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг анхаарууллаа.
Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандах боломжтой юм байна.