Манай улсад эмэгтэйчүүдийг магтан дуулахад зориулагдсан цорын ганц \”хуульчлагдсан” өдөр байдаг нь бидний нэрлэж заншсан \”Мартын 8”. Жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг ч гэлээ, тэмдэглэх цар хүрээ, эмэгтэйчүүдэд өгч буй бэлгийн өнгө үзэмж, цэцгийн дэлбээ улам гоё болсноос биш энэ өдрийн утга учир, эмэгтэйчүүдэд хандах хандлага, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн талаарх ойлголтод чанарын гэхээр өөрчлөлт гараагүй л байна.
Энэ өдрийг монголчууд хэрхэн тэмдэглэдэг талаар цухас дурдвал, байгууллагууд эмэгтэйчүүдээ урьж, зарим сайн ажилласан хүмүүсээ шагнаж, дор бүрнээ цайллага хийж, цэцэг голдуу бэлэглэж, хамтлаг дуучид нь эмэгтэйчүүдээ магтан дуулж, үзвэр үйлчилгээний газруудын ачаалал бага зэрэг нэмэгдэж, тухайн өдөр бүх төрлийн тасалбарын худалдаа нэмэгддэг. Аливаа уулзалт, хурал цуглаан, дайллага цайллагыг эрчүүд нээж үг хэлж, эмэгтэйчүүдийн төлөө хундага өргөнө. Зарим нэг улс төрийн нам, төрийн бус байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийн талаар ёс төдий онол практикийн хурал хийнэ. Хуралд нь гоёж гоодсон хүүхнүүд л суухаас эрчүүд ихэнхдээ эзгүй.
Олон улсад энэ өдрийг \”Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Цэцгийн худалдаа нэмэгдэхгүй, тэдэнд зориулсан онол практикийн бага хурал болохгүй. Харин дэлхийн эмэгтэй лидерүүд, эмэгтэй удирдагчид олон нийтэд хандсан чухал мэдэгдлүүд хийдэг, ихэвчлэн уриалдаг. Баяр ёслолын байдал харагдахгүй, хавтгайран амрахгүй. Тэд харин \”эмэгтэйчүүдийн эрхийн өдөр”-ийг яагаад тэмдэглэх болсон тухай үргэлж сануулдаг. Тухайлбал, 1909 оны 2 дугаар сарын 28 Америкийн Социалист нам эмэгтэйчүүдийн ажлын байрны хүнд нөхцлийг эсэргүүцэж эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэсэн байдаг. Түүнээс хоёр жилийн дараа 1911 оны 3 дугаар сарын 19-нд Австри, Дани, Герман болон Швейцарьт нэг сая гаруй хүн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байсныг, харин 1914 оны 3 дугаар сарын 8-нд Англид сонгуулийн эрхийн төлөөх тэмцэл өрнүүлж байсан эмэгтэй баривчлагдсаны дараа жил бүр олон улсад эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг 3 сарын 8-нд тэмдэглэдэг болж тогтсон тухай сануулдаг. Өөрөөр хэлбэл, энэ өдөр анхнаасаа л эмэгтэйчүүдийн эдийн засгийн, улс төрийн, сонгуулийн эрхийн, тэгш эрхийн төлөөх тэмцлийн өдөр байсныг сануулдаг, уриалдаг билээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар монголчуудын хийсэн эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, уулзалт, цуглааныг тоолбол барагдахгүй их. Ардчилсан нийгэм байгуулж яваа сүүлийн 20 гаруй жилд Хөдөлмөрийн хуульд \”Мартын- 8”-ыг амралтын өдөр болгон өөрчлөлт оруулснаас өөр нэг их чанарын шинжтэй өөрчлөлт гарсангүй. Гэхдээ энэ өдөр нь бас цалингүй, долоо хоногийн амралтын өдрүүдээс онц ялгарах зүйлгүй билээ. Жирийн ээжүүдийн өдөр тутам хийдэг хүүхэд асрах, гэрийн даалгавар хийлгэх, өдөр тутмын амьдралд зааж сургах зэрэг ажил огт үнэлгээгүй. Гэхдээ энэ ажлыг хувийн цэцэрлэгээр хийлгэх болбол сургалтын төлбөр ямар байгааг төсөөлөхийн аргагүй. Эмэгтэйчүүд ирээдүйн удирдагч, ирээдүйн татвар төлөгч, ирээдүйн эмч, ирээдүйн багшийг төрүүлж, өсгөж байгааг хэн ч үнэлдэггүй. Ажлын байранд тавих шаардлагад туршлагагүй залуухан эмэгтэй яг ижил үзүүлэлттэй туршлагагүй залуучуудаас доогуур үнэлэгдсээр. Эмэгтэйчүүдийн эрхийг ойлгох, хүндэтгэх явдал нь \”шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл нэг шөнө босч хөхүүлснийх нь ачийг хариулж буй нь тэр” гэх мэт уран сайхны сэтгэлгээнээс хэтрээгүй.
Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн талаар бүр ярилтгүй. Уриа тунхаг, квот зэрэг улс төрийн шинжтэй кампанит ажлын хэлбэрээс илүү гарахгүй байгаа нь үнэн. Гэтэл эмэгтэйчүүд компани удирдаж, ном бичиж, гэр бүлээ авч явж, эрчүүдээс илүү дотроо шаналж, эрчүүдээс илүү амаа хамхиж, эрчүүдээс дутахгүй амьдралын төлөө тэмцэж байна. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэл нь зөвхөн эрчүүдтэй ижил тэгш эрх, ажиллах нөхцөл нэхэж буй хэрэг огт биш. Энэ тэмцэл нь эмэгтэйчүүдэд хандах хандлагыг сууриар нь өөрчлөх, зарим тохиолдолд эмэгтэйчүүдэд онцгой эрх олгох тухайлбал, эмэгтэйчүүдэд хуулиар олгосон эрхийг хуульд өөрчлөлт оруулах замаар өөрчлөхийг хориглох тухай асуудал юм. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай тэмцэл нь эмэгтэйчүүдийг магтан дуулахаас илүү хүлээн зөвшөөрөх тухай юм.
Эрчүүд ээ, эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг эмэгтэйчүүддээ эрх олгож тэмдэглэе. Цэцэг бэлэглэж болно, гэхдээ \”улс төрийн эрх бас бэлэглэе.”
Наваан-Юндэнгийн Оюундарь