Атлантын далайд явж байсан аяллыг хөлөг онгоц дээр гарсан хантавирусийн дэгдэлт Аргентинаас байсан эсэхийг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар тус хөлөг дээр Нидерландын хоёр иргэн болон Германы нэг иргэн халдварын улмаас нас барсан. ДЭМБ-ын мэдээлснээр, найман хүн халдвар авсан байж болзошгүй бөгөөд үүнээс гурван тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Аяллын хөлөг онгоц Кабо Вердегийн эргийн ойролцоо Ням гаригаас (2026.05.03) хойш саатсан байв.
Дараа нь Лхагва гаригт хоёр нь хүнд байдалтай байсан нийт гурван зорчигчийг нүүлгэн шилжүүлсний дараа хөлөг Испанийг зорин хөдөлсөн байна.
Аргентины Эрүүл мэндийн яамнаас мэргэжилтнүүдийг өмнөд нутгийн Ушуайа хот руу илгээж, вирус тараадаг мэрэгч амьтдыг барьж шинжилгээ хийхээр болсон гэж мэдэгдэв. Тэд халдвар авсан Нидерландын хосын аялсан бүсүүдийг мөн шалгах аж. ДЭМБ-ын мэдээлснээр энэ вирус нь Covid-19 зэрэг өвчнүүдтэй харьцуулахад илүү удаан тархдаг. Мөн хүнээс хүнд халдварлахын тулд маш ойр биеийн хавьтал шаардлагатай байдаг.
Дэгдэлт нь Өмнөд Америкт байдаг Андын вирус нэртэй хантавирусийн төрөлтэй холбоотой гэж үзэж байна.
Энэ вирус нь хантавирусийн уушгины хам шинж гэх ноцтой бөгөөд үхэлд хүргэж болзошгүй өвчин үүсгэдэг. Аргентины эрх баригчид Испани, Сенегал, Өмнөд Африк, Нидерланд болон Их Британийн лабораториудад шинжилгээний материал болон оношилгоо, эмчилгээний зааварчилгаа илгээж байна. Мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан халдвар тээгч мэрэгчдийн тархалт нэмэгдэж, вирус илүү өргөн хүрээнд тархаж болзошгүйг анхааруулжээ. Аргентинд 2025 оны зургадугаар сараас хойш хантавирусийн 101 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин их үзүүлэлт юм.












































































