БНХАУ, Казахстаны дунд хавчуулагдсан жижигхэн Киргиз улс реэкспорт, гадаад гуйвуулга болон аялал жуулчлалын салбарынхаа хурдтай тэлэлтэд дөрөөлөн гадаадын нэн чухал хөрөнгө оруулалт татаж, Төв Азийн бүсийн шинэ “бар” эдийн засагтай улс болох сууриа бэлдэж байна.
Сүүлийн гурван жил дараалан дотоодын нийт бүтээгдэхүүн нь 9-өөс дээш хувиар өссөн Киргизийн эдийн засаг энэ онд 10 хувь давж тэлэх төлөвтэй гэж тус улсын Төв банк мэдээлж байна.
Аялал жуулчлалын тэсрэлт, барилга бүтээн байгуулалт, дотоодын хэрэглээний өсөлт болон БНХАУ-аас Киргизээр дамжин хөрш улсууд руу нь гардаг бараа бүтээгдэхүүний реэкспорт нь өсөлтийн тэргүүн хөдөлгөгч хүч болж буйг Киргизийн Төв банкны тэргүүн Мелис Тургунбаев өгүүлжээ.
Хятад-Киргиз-Узбекистаны төмөр зам, Нарын гол дээрх “Камбарата-1” усан цахилгаан станц зэрэг дэд бүтцийн томоохон төслүүд нь мөн эдийн засгийг дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалт татаж байгааг тэрбээр мөн онцолсон. Төмөр замын холболт нь Киргизийн логистикийн нөөц боломжийг эрс нэмэгдүүлэх бол шинэ УЦС ашиглалтад орсноор тус улс эрчим хүчний экспортлогч улс болох аж.
Эх сурвалж: Bloomberg tv mongolia








































































