Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр УИХ-ын гишүүн О.Батнасан нарын гурван гишүүнээс 2018 оны тавдугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Гарамжав нар хуулийн дагаж мөрдөх хугацааг тогтооход хүндрэл гарах эсэх, хууль хүчин төгөлдөр болбол одоо ял эдэлж байгаа өсвөр насны хүүхдүүдэд үйлчлэх талаар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь энэ хуулийг 2018 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлүүлэхээр болов.