Ирланд Улсын Шүүх ажиллагааны хууль буюу авлигын гэмт хэргийн эсрэг хуульд тус улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинс 2018 оны зургадугаар сарын 5-нд гарын үсэг зурсан боловч хэзээ хэрэгжиж эхлэхийг нь зарлаагүй байгаа юм байна.
Уг хууль нь бүх салбарт хамааралтай шинэ төрлийн гэмт хэргүүдийг хуульчилснаас гадна шинэ төрлийн ял шийтгэлийг мөн тусгасан байна. Мөн уг хуульд тус улсын төрийн албан хаагчдад хамаарах албан тушаалаа урвуулан ашиглаж, гуравдагч этгээдэд давуу байдал олгох, албаны нууцыг хувьдаа ашигтайгаар ашиглах зэрэг хэргүүдийг тусгажээ. Түүнчлэн, компанийн ажилтан үйл ажиллагаа явуулахдаа компанидаа ашиг олохын тулд хууль зөрчсөн бол компанид нь хариуцлага тооцох аж.
Ял шийтгэлийн хувьд 10 хүртэлх жилийн хугацаагаар хорих болон хэмжээ тогтоогоогүй торгууль оногдуулах зэргийг тусгажээ. Тухайлбал шинэ хуулиар хууль зөрчсөн ажилтан, зөвшөөрөл олгосон удирдах албан тушаалтан болон компанийг шийтгэх юм байна.