Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Муратыг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, улмаар түүнийг намынхан нь авч үлдсэн билээ. Харин Д.Муратыг авч үлдсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.
Тэгвэл энэхүү асуудлаар АН-ын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэгэн сонин тайлбар хийсэн байна. Тэрээр “ Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгаатай зүйл. Д.Гантулга гэдэг хүн бол огт танихгүй, мэдэхгүй хүний эрхэнд халдсан. Харин Д.Мурат гишүүний хувьд тухайн эмэгтэйтэй өмнө нь харилцаатай байсан, тиймээс хоёр хүний дунд сайдах муудах зүйл алийг тэр гэхэв. Энэ бол хувь хүмүүсийн хоорондох харилцааны асуудал. Анх Х.Бахытгүл гэх эмэгтэй Д.Мурат гишүүнд зодуулсан хэмээн гомдол гаргасан байсан. Гэтэл есдүгээр сард зодсон үйлдлийг нэгдүгээр сард буюу таван сарын дараа шүүх эмнэлэг тогтоосон байдаг. Тэгвэл хууль шүүхийн практикт хэзээ ч ийм юм байдаггүй. Аливаа иргэн шүүх эмнэлэгт хандсан тохиолдолд гэмтлийн зэргийг 72 цагийн дотор тогтоох ёстой. Тийм болохоор энэ нь өөрөө хууль бус үйлдэл. Би Д.Мурат гишүүнийг өмөөрөх гэж байгаа юм биш, гэхдээ өнөөдөр улс төрчдийн нэр хүнд нийгэмд эмзэг байдгийг нь далимдуулан хувь хүний явцуу эрх ашгийн үүднээс бусдын эрх ашигт бүдүүлгээр хандаж, ашиг олох гэсэн асуудал нийгэмд дэлгэрүүлээд байх асуудал биш юм. Бид ч гэсэн ийм асуудлыг ямар нэг байдлаар өөгшүүлээд байх шаардлагагүй гэж үзэж байгаа” гэж хэлжээ.