Бороо хуртай өдрүүдэд үргэлжилж байгаа ба ойрын өдрүүдэд мөн энэ байдал үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Борооны улмаас зарим аймгийн нутагт үер бууж, айл өрхүүд усанд автжээ. Тухайлбал, Ховд аймгийн Жаргалант сумын төвд энэ сарын 3-ны өдрийн 19:50 цагийн орчимд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болсон байна.
Үерийн улмаас Наран багийн 14, 15 дугаар гудамжны 30 айл өрх, Рашаант багийн 25 айл өрхийн гэр хашаа усанд автсан аж. Энэ талаар тухайн өдрийн 20:35 цагт мэдэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж 800 метр урт шороон даланг сэргээн засварласан байна.
Мөн өнөөдөр гэр, хашаа нь усанд автсан айл өрхийн тоог нарийвчлан гаргаж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм байнна.
Голуудын усны түвшин ойрын хугацаанд буурахгүй төлөвтэй байна. Иймд мэргэжлийн хүмүүсийн тавьсан шаардлагыг биелүүлж, гол, нуурын эргээр аялж зугаалахгүй байх, ус гатлахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй явуулахгүй байхыг сануулж байна.