Хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр автозамын ачаалал нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлэг мэдээг тогтмол хүргэн ажиллаж байгаа билээ. Гэсэн ч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж гарах ослын улмаас хүний амь эрсдэх явдал гарсаар байна.
Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул багийн төв замын 226, 227 дугаар тэмдэгтийн дунд /сумын төвөөс баруун зүгт 6 км-т/ таван зорчигчтой Сүзүки Эскадо загварын суудлын автомашин нь Архангай аймгийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/-гийн эзэмшлийн Исүзү Гига загварын ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Суудлын автомашинд Баянхонгор аймгийн Баянговь сумын харьяат иргэн Г /44 настай, эрэгтэй/, иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн Б /42 настай, эрэгтэй/, иргэн Г /37 настай, эрэгтэй/, тус аймгийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/ зорчиж явсанаас 37 настай иргэн Г амь насаа алдсан байна. Ослын тухай дуудлагыг өчигдөр 21:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч очиж, аврах ажиллагааг зохион байгуулж, иргэн Г-ийн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрний баруун талд тус дүүргийн харьяат 46 настай иргэн А /эрэгтэй/, 51 настай иргэн Ц /эмэгтэй/ нар өндөр хясаан дээрээс приус20 загварын суудлын автомашинтайгаа унажээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнө буюу долдугаар 6-ны өдрийн 03:29 цагт өгсний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид олсын газар дээр очиж иргэн А, Ц нарыг нийслэлийн ЯТТТөвд шилжүүлэн өгсөн байна.
Баяр наадмын үеэр улсын чанартай авто замаар зорчихдоо хурдаа тохируулж, эгнээ байраа зөв эзэлж, гүйцэж түрүүлэх үйлдэлээ зөв гүйцэтгэж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөнд аюул учруулахгүй байх нөхцөлийг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.