Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд боллоо. Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хандан илгээлт явуулсан юм. Илгээлтийг баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан уншиж сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж илгээлтдээ:
\”Эрхэм хүндэт ахмад дайчид аа!
Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа!
Эрхэм нөхөд өө!
Төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг эрхэмлэн дээдэлж, эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд эрдэм ухаан, эр чадлаа зориулж ирсэн цэргийн алба хаагчдын баяр-Монгол Улсын Зэвсэгт хүчний 95 жилийн ой, \”Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан чөлөөнд байгаа ахмадууд, бэлтгэл үүрэгтэнүүд, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Монгол цэргийн өдөр бол Монголын төрт ёсны уламжлал, түүх соёлын улбааг сануулсан, Тусгаар тогтнолын баталгаа, эх оронч үзлийн галыг бадраасан монгол хүн бүрийн баярын өдөр билээ. Хүлэг бүр ажнай, хүн бүр цэрэг байсан тэртээх он жилүүдэд бид амжилт ялалтад хүрч, дэглэм журмыг тогтоон, дэлхийн шинэ түүхийг бичиж байсан бахархах үйлстэй ард түмэн юм. Эзэнт гүрний сэтгэлзүйг эрин цагийн ололттой бат уялдуулан хөгжүүлэхийг үүрэг хэмээн ойлгож хичээн ажиллаж чадвал Монголын тусгаар тогтнол гурван цагийн хэлхээнд үл алдарна.
Улс хоорондын харилцааны шинэ нөхцөл байдал, төвийг сахиж ирсэн гадаад бодлоготой уялдуулан Батлан хамгаалах бодлогын хууль эрх зүйн орчинг сайжруулах, Зэвсэгт хүчнийг инновацижуулан хөгжүүлж бэхжүүлэх ажилд жилээс жилд ахиц дэвшил, амжилт ололт гарсаар байна. Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор төрийн тулгуур үзэл баримтлалын нэг болсон \”Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлуулж, тус баримт бичгийн үзэл санаанд нийцүүлэн Батлан хамгаалахын багц хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад байна.
Ирээдүйн цэргийн жанжныг өсвөр наснаас нь эхлэн бэлтгэж байсан өвөг дээдсийн уламжлалыг сэргээх, Цэргийн алба хаах хэлбэр, гүйцэтгэх үүргийн агуулгад шинэчлэл хийх зорилгоор \”Оюутан-цэрэг”, \”Тэмүүжин Өрлөг бүрэн дунд сургууль” хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн маань үр дүнгээ өгч байна. Монгол Улсын 13000 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын Энхийг сахиулах болон дайны дараах сэргээн босголтын 20 гаруй ажиллагаанд амжилттай оролцлоо. Монгол цэргийн мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, сахилга зохион байгуулалт өсөн нэмэгдэж, Олон улсын түвшинд Монгол цэрэг- Дэлхийн цэрэг болж үнэлэгдэх боллоо.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэх, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төрийн бодлогод Зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэг цаашид ч чухал хэвээр байна.
Зэвсэгт хүчний эх орноо батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай орчин үеийн зэвсэг техникээр хангах, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, дадлагыг нэмэгдүүлэх, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх асуудал төр, засаг, Зэвсэгт хүчний командлалын байнгын анхааралд байх болно.
Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, та бүхэнд төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчин бүрдүүлэх, нэгдмэл удирдлага , төлөвлөлт бүхий дайчилгааны шинэ зохион байгуулалтад шилжих хариуцлагатай чиг үүргийг зөв оновчтой хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байна.
Үндэсний уламжлалд тулгуурласан зарчим, шинжлэх ухааны судалгаанд суурилсан бодлого, чадварыг эрхэмлэсэн үйл ажиллагааг улам бүр идэвхжүүлж, амлтаа ахиулж, урагшаа тэмүүлэн ажиллахыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд уриалж байна.
Монгол цэргийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ
ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ\” гэжээ.
2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар