УИХ-ын гишүүн Л.Цог өчигдөр \”Шударга ёс” эвслийн бүлгээс гарах гэж буйгаа мэдэгдсэн. МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Б.Тулга, Ёс зүйн зөвлөлийн хорооны дарга Г.Давааням нар мөн өчигдөр мэдэгдэл хийж Л.Цогт намын дүрмийн дагуу хариуцлага тооцохоор болсон гэдгээ хэлсэн.
Түүнчлэн МАХН-ын Ёс зүйн хороо хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Шийлэгдамбын асуудлыг хэлэлцсэн бөгөөд түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг намын бага хурлаараа хэлэлцэхээр болжээ.
Үүнээс гадна намын дарга Н.Энхбаярын эсрэг гарч буй гүжирдлэгийн эсрэг тэмцэнэ. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар,\”МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглэсэн улс төрийн захиалгат, зохиомол, увайгүй, гүжирдлэг, хууль бус ажиллагааг сүүлийн саруудад тасралтгүй явж буй учир МАХН-ын Гүйцэтгэх товчооноос намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандаж мэдэгдэл гаргаж байна. Бид уг гүжирдлэгтэй цаашид тууштай тэмцэх болно. Ийм мэдээлэлд автахгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш МАХН-ын санхүүгийн өрөөг лацадсан. Өнөөдрийг хүртэл нээхгүй байгаа нь биднийг санхүүгийн аудит хийлгэх боломжгүй болгож байна. Бидний дотоод асуудалд хэтэрхий оролцож байна” гэсэн юм.