УИХ өнгөрөгч 12 дугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт \”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт \”Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байх юм.
Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хоригложээ. Зах зээл дэх мөнгө хумигдаж, улсын эдийн засаг хямралтай энэ үед хүүтэй зээлийн үйлчилгээний эрхийг зөвхөн арилжааны банк, банк санхүүгийн байгууллагад олгох нь мөнгөний эрэлд гарсан иргэнээ бодоогүй шийдвэр гэж эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тайлбарласан.
Тэрбээр \”Иргэд хооронд мөнгө шилжүүлэх, зээлдүүлэх, зээл нь хүүтэй байж болох эсэх асуудлыг өнөөгийн Монголын эдийн засагт нээлттэй хэвээр үлдээх нь хамгийн зөв алхам” гэж харж байна. Зээлийн гэрээ бол иргэдийн хооронд хийгддэг хамгийн нийтлэг гэрээний нэг төрөл бөгөөд ихэвчлэн хүүтэй байгуулагддаг аж. Бусдад зээл олгосны төлөө хариу төлбөр авах боломжийг хуулиар хязгаарлана гэдэг байж болшгүй зүйл гэж Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлтийг шүүмжлэх хуульч ч байна.
Иргэний хуулийн шинэ заалт хэрэгжиж эхэлснээр нийгэм, эдийн засаг, гэрээний харилцаанд олон сөрөг үр дагавар бий болно гэж Р.Очирбал хуульч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Учир нь арилжааны банкнаас зээл авахад бүрдүүлэх материал их, шалгуур, шаардлага өндөр, хугацаа ихээхэн шаарддаг тул иргэд, аж ахуйн нэгжүүд хувь иргэдээс зээл авдаг. Энэ утгаараа иргэдийн олгож буй зээл нь мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж, хөрөнгө мөнгөний дутагдлыг нөхөх, сэлбэх зах зээлийн зүй ёсны арга хэрэгсэл гэж тэрбээр үзжээ.
Нөгөө талдаа зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь төлүүлэхэд зээлийн хүү чухал ач холбогдолтой юм байна. Өмнө нь 1994 онд Иргэний хуулиар зээлийн гэрээ хүүтэй байгуулахыг хориглосон зохицуулалтыг 2002 онд батлагдсан шинэчлэн найруулсан Иргэний хуулиар өөрчилсөн. Уг өөрчлөлтөөр зээлийн гэрээг хүүтэй, эсвэл хүүгүй байгуулж болохоор хуульчилсан байжээ.