Америкийн Алабама мужийн оршин суугч Уолтер Керр гэх 20 настай залуу ажлынхаа анхны өдөр компанийхаа захирлаас автомашин бэлгэнд авчээ. Уг залуу “Bellhops” гэх нүүлгэлтийн компанид ажилд орсон бөгөөд тэрээр ажилтай болсон ч “ажилдаа хэрхэн очих вэ?” гэх томоохон асуудалтай тулгарсан байна. Учир нь түүний машин эвдэрч, найзуудаасаа ажилд нь хүргэж өгөхийг гуйсан ч бүтэлгүйтсэн ба улмаар залуу ажилдаа хоцрохгүйн тулд 32 км-ийг явган туулахаас өөр сонголтгүй болжээ. Тэрээр шөнө дунд гэрээсээ гарч, 7 цаг орчим явган алхаж, 8 цагт нүүлгэх айлдаа ирсэн аж.
Харанхуй шөнө зам дагуу алхаж байсан түүнтэй замын цагдаа Марк Найтен тааралдаж, учрыг асуужээ. Залуугийн хичээл зүтгэл замын цагдаад ихээхэн таалагдсан бөгөөд тэрээр Керрийг өглөөний цайгаар дайлахаас гадна бусад эргүүлийнхэнд мэдэгдсэн гэнэ. Залуу хүрэх газраа очиход 5 км дутуу байхад нэгэн цагдаа түүнийг албаны машинаараа хүргэж өгчээ.
Офицер гэрийн эзэнд түүний машин болон туулсан замын талаар ярьсан бөгөөд уг түүхийг сонсоод гэрийн эзэн Женни Ламейгийн сэтгэл ихэд хөдөлсөн байна. Үүний дараа тэрээр нүүлгэлтийн компанийн захирал Лүйк Марклинтай холбоо барин уг залуугийн түүхийг фэйсбүүк хуудаснаа нийтэлж, Уолтерийн машиныг засах “GoFundMe” мөнгө цуглуулах аяныг эхлүүлжээ.
Уолтер Карр таван настайдаа Катрина хар шуурганы үеэр орон гэргүй болсон бөгөөд ээжтэйгээ амьдардаг нэгэн юм байна. Захирал нь тухайн өдөр Алабамад мужид ирэн, Уолтер Каррыг өдрийн хоолонд урьжээ. Түүнийг очиход Ламейгийн гэр бүл, цагдаагийн офицер, хамт олон нь хүлээж байсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Марклин өөрийн 2014 оны “Ford Escape” машины түлхүүрийг Каррд бэлэглэжээ. Карр “Түүний түүх хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байгаад баяртай байна. Бүх хүмүүст маш их баярлалаа” гэсэн байна.