ОХУ-ын Санкт Петербург хотод сүүлийн өдрүүдэд агаарын хэм хэт халж, энэ долоо хоног эхэлснээс хойш өдөртөө 30 хэмээс буухгүй байгаа ажээ. Халуун цаг агаарыг тэсвэрлэх нь жирийн хүмүүст төдийгүй амьтны хүрээлэнгийн амьтдад ч хэцүү байгаа бөгөөд тус хотын Соёлын хорооноос амьтдад зориулан тэдний иддэг жимс ногоо зэрэг хоол хүнсийг нь усанд хийн хөлдөөж өгч байгаа тухай мэдээлжээ. Энэ талаар Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд “Амьтдад аль болох хөнгөн хоол өгч, усны хэрэглээг нь нэмэгдүүлж байна. Мөн жимс ногоог нь усанд хийн хөлдөөж мөсөн “торт” өгч байна” хэмээн ярьсан байна. Мөн хүйтэн газрын амьтдад зориулан сэрүүцэх сүүдрэвч барьж өгсөн бөгөөд хиймэл усан сан, цөөрөм зэргийг нэмж байгуулжээ. Ленингарад хотын амьтны хүрээлэн нь Санкт-Петербург хотын төвд оршдог бөгөөд 4 гектар орчим газар нутагтай Оросын эртний амьтны хүрээлэнгүүдийн нэг юм. Тус амьтны хүрээлэн нь хамгийн анх 1865 оны наймдугаар сарын 14-нд зочдоо хүлээн авч байжээ.