Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Хехуа дүүргийн цагдаагийн газар Монгол улсын иргэн, 36-н настай эрэгтэй А-д эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өнөөдөр мэдээлжээ.
Монгол улсын иргэн А нь тус улсад аялал жуулчлалын визээр очоод байхдаа өнгөрсөн 13-ны өдөр, Түнгдэмүн дүүрэг дэх Гуангжанг бөөний худалдааны төв, захаар үйлчлүүлж байсан Солонгос улсын иргэн, эмэгтэй Ким-ийн 600-н мянган воноор үнэлэгдэх \”IPHONE 6\” гар утсыг гадуур хувцасны халааснаас нь хулгайлсан хэрэг үйлджээ.
Монгол залуу А нь уг эмэгтэйн утсыг хулгайлсан даруйдаа өөрийнхөө утас мэт ойлголт төрүүлэхүйцээр гартаа барин, утсаар ярьж байгаа дүр эсгэсэн ч Солонгос эмэгтэй утсаа таниад, түүнээс нэхсэн байна.
Гэвч Монгол залуу тэр эмэгтэйг гараараа түлхэн \”Энэ миний утас\” хэмээн хэлээд зугатаахыг завдсан ч тэнд байсан иргэд хамтран түүнийг саатуулж, улмаар цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн ажээ.
Монгол улсын иргэн А-гийн утас хулгайлсан үйлдэл нь зах дээр байрлуулсан нууц камерын бичлэг, ойр орчимд нь зорчиж, тус захаар үйлчлүүлж байсан олон иргэдийн мэдүүлгээр батлагдсан ч тэрээр үйлдсэн хэргээ огт хүлээхгүй байсан учраас түүнд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Хэрэв тэрээр гэм буруугаа тэр даруйдаа хүлээн тухайн иргэнийг хохиролгүй болгосон бол ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэгдэн, саатуулагдах хэмжээнд хүрч хэрэг хүндрэхгүй байсан ажээ.
Mglradio.com