-Хуульчид алх цохихоосоо өмнө шүүгчээр бэлтгэгддэг болжээ-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид 24 багц цагийн сургалтад хамрагдахаар болсон. Өөрөөр хэлбэл, хуульчид шүүгчээр томилогдож, шүүн таслах ажиллагаа эрхлэхээс өмнө шүүгчийн мэдлэг, ур чадварыг эзэмших ёстой гэж үзжээ.
“Шүүгчийг сонгон шалгаруулах журам” ёсоор анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшиж, тэнцсэн 53 хуульч “Шүүгч бэлтгэх сургалт”-д хамрагдаж байгаа аж. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, нийгэмд шударга ёсыг тогтоох хариуцлагатай үүргийг хүлээсэн шүүгчийг томилохын өмнө хэрхэн бэлтгэж, сургаж байгаа талаар сурвалжиллаа.
“Шүүгч бэлтгэх сургалт”-ыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн “Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран 2018.07.02-8.14-ний хугацаанд танхим, дадлага, бие даалтын хэлбэрүүдээр зохион байгуулж байгаа аж. Танхимын сургалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болж байсан юм. Лекцээр шүүхийн эрх зүй болон шүүгчийн тогтмол хэрэглэдэг эрх зүйн эх сурвалжийн үндсэн хэм хэмжээ, зарчмуудыг бататгах бол семинарын сургалтаар шүүх хуралдааныг удирдах, бүрэлдэхүүнд нь оролцох зэргээр дүрд хувирч, шүүх хуралдааны бичлэгт дүн шинжилгээ хийж, хоорондоо хэлэлцүүлэг зохион байгуулж байв.
Мөн нийслэл дэх шүүхүүдэд нэр дэвшигчид хуваагдаж дадлага хийж байгаа бөгөөд шүүх хуралдаанд бэлтгэх, удирдах, шүүхийн хэлэлцүүлэг хийх, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр гаргах, бичих, танилцуулах, гардуулах зэрэг шүүгчийн гүйцэтгэдэг чиг үүрэгтэй биечлэн танилцаж, судалж байгаа аж. Дадлага хийх хугацаандаа шүүхээс гарах эрх зүйн актуудыг боловсруулахад суралцаж, тодорхой сэдвээр бие даалтын ажил хийж, дадлагын төгсгөлд тайлан бичиж, хамгаалах аж. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуваарилагдсан 16 нэр дэвшигч энэ сарын 16-наас дадлагаа эхэлжээ. Тэднийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хүлээн авч уулзахдаа “Шүүгч хэмээх нэр хүндтэй албан тушаалд томилогдохын тул сайн мэдлэг, дадлага туршлага хэрэгтэй. Шүүх хуралдааныг удирдах, шүүхийн хэлэлцүүлэг хийх, нотлох баримт үнэлэх, шүүхийн шийдвэр бичих зэрэг шүүхийн ачааллыг дааж чадах чадвартай байх ёстой” гэж онцгойлон анхааруулж байв. Дадлагажигч бүрийг нэг, нэг шүүгч хариуцаж байгаа бөгөөд энэ баасан гаригт шүүх дэх дадлага нь дуусах аж.
Суралцагчид танхимын сургалтад сууж, дадлага хийхээс гадна танхимын болон дадлага удирдсан багшаасаа бие даалтын даалгавар авч, дүгнүүлэх юм байна.
П.Баярцэцэг: Олон улсын жишигт тулгуурлан сургалт зохион байгуулж байна
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ахлах референт П.Баярцэцэгээс “Шүүгч бэлтгэх сургалт”-ын талаар тодрууллаа.
-Шинэ шүүгчийн сургалт зохион байгуулдаг байсан санагдаж байна. Шүүгч бэлтгэх сургалт дээрх сургалтаас юугаараа ялгаатай вэ?
-Өмнө нь шинээр томилогдсон шүүгч тангараг өргөж, шүүн таслах ажиллагааг тодорхой хугацаанд хэрэгжүүлснийхээ дараа “Шүүгчийн анхан шатны сургалт”-д хамрагддаг байсан. Шүүгчийн анхан шатны сургалт нь цөөн тооны онолын сэдвийн хүрээнд хязгаарлагдсан, шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай практик ур чадварыг эзэмшүүлэх боломж, шүүгчээр томилогдохоос өмнө шүүгчийн зан төлөв, хандлагыг бий болгох арга зүй дутагдалтай байсан. Харин одоо явуулж буй шүүгч бэлтгэх сургалт нь шүүхийн сургалтын тогтолцоонд тулгарч буй асуудлыг оновчтой, үр дүнтэй шийдвэрлэх ач холбогдолтой. Сургалтыг олон улсын нийтлэг жишигт тулгуурлан зохион байгуулж байгаа. Шүүгчийн харилцаа, ёс зүй хэргийн оролцогчдын шүүхэд итгэх, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд шууд нөлөөлдөг учраас ёс зүйтэй, ур чадвартай шүүгчийг урьдчилан бэлтгэснээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх ач холбогдолтой.
-Танхимд хичээл заалгах, шүүхэд дадлага хийх, бие даалт хийх гээд нэлээд том хөтөлбөртэй сургалт юм байна. Зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
-Сургалтын нэг багц цагийн төлбөр Хуульчийн үргэлжилсэн багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцүү байгаа. Энэ төлбөрийг танхимын сургалтын 26 багшийн 80 цагийн лекц, 192 цагийн семинарын урамшуулал, шүүх дэх дадлагын 54 удирдагч нарын урамшуулал, сургалтын зохион байгуулалтын зардал тухайлбал цайны завсарлага, үдийн завсарлага, бусад техник хэрэгслийн зардалд зарцуулж байна. Сургалтын төлбөрийг хүлээн авч, зарцуулах нь гэрээний дагуу “Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбоо”-ны чиг үүрэг юм гэв.
Суралцагчид: Шүүгч ямар байх ёстойг урьдчилж заасан нь маш их ач холбогдолтой
“Шүүгч бэлтгэх” сургалтад хамрагдаж байгаа хуульчдын төлөөлөлтэй уулзаж, товч ярилцлаа.
Өмгөөлөгч Б.Түвшинжаргал дадлага хийх явцдаа шүүгчийн байр сууринаас асуудалд хандах нь өмгөөлөгчийнхөөс өөр байна гэж дүгнэжээ.
-“Шүүгч бэлтгэх сургалт”-ыг хэрхэн үнэлж байна вэ?
-Шүүгч болох гэж байгаа хүмүүст ерөнхий мэдлэг олгосон үр дүнтэй сургалт болж байна. Шүүгчийг томилохоос өмнө нь сургалт хийж байгаа нь маш ач холбогдолтой. Өмнө нь ийм зүйл байгаагүй. Сургалтад сууснаар шүүгч хүний хариуцлага, ажлын чиг үүрэг, шүүхийн зохион байгуулалт, эрхийн акт боловсруулах зэрэгтэй биечлэн танилцаж байна.
-Та шүүхэд дадлага хийсэн Шүүгчийн байр сууринаас шүүхэд ажиллах, өмгөөлөгчийн хувиар шүүхэд ажиллахаас өөр байна уу?
-Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд тэр хүнтэй холбоотой зүйлийг судалдаг. Харин шүүгч хүн бүх хэргийн үнэн, худал эсэхийг, гэм буруутай этгээд тогтоогдвол тохирсон ялыг яаж оногдуулах уу гэдгийг судалдаг. Энэ бол шинжлэх ухаан юм байна гэж ойлголоо. Өмнө нь өмгөөлөгч хийж байхдаа зөвхөн үйлчлүүлэгчийнхээ баримтыг судалж байсан бол шүүх дээр прокуророос ирсэн яллах дүгнэлтийг судалж, үнэн худлыг дэнсэлж тунгааж байна. Одоогоор шүүх хуралдаан удирдаж үзээгүй байна. Гэхдээ шүүх хуралдаанд өмгөөлөгчийн байр сууринаас орох өөр байдаг юм байна. Өөрөө шүүгч болох гээд шүүгчийн байр сууринаас шүүх хуралдаанд хандахаар асуудлыг өөр өнцгөөс харж байна.
Цаашид шүүхийн шийдвэр бичих, шүүх дээр дадлага хийх хугацааг сунгах хэрэгтэй юм шиг санагдлаа. Танхимын сургалтад шүүхийн шийдвэр хэрхэн яаж бичих талаар, шүүх хуралдааныг яаж даргалах талаарх заадаг хичээлийн цагийг нэмэх саналтай байна. Шүүгчийн сэтгэл зүй хичээл маш их сонирхолтой байсан гэлээ.
Хуульч Б.Батгэрэл энэхүү сургалтаар харах өнцгөө өөрчилж, мэдлэг үлдээж байгаа талаар ярилаа.
-Шүүгч бэлтгэх сургалт үр дүнтэй болж чадаж байна уу?
-Шүүгч хүний ёс зүй, хандлага, хууль хэрэглэх арга зүйн талаар мөн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхэд шүүгч хүн ямар байх ёстой вэ гэдгийг урьдчилж зааж өгч буй нь үр дүнтэй санагдаж байна. Өмгөөлөгч эсвэл прокурор хүн шүүгчийн сонгон шалгаруулалт тэнцээд шүүгчээр томилогдох тохиолдолд мэдэхгүй зүйл олон гарна. Тэгвэл шүүгч бэлтгэх сургалтын хүрээнд шүүх дээр дадлага хийж, хэргийн материал судалж, дүгнэлт хийж суурь мэдлэг олж авч байна.
-Шүүгч бэлтгэх сургалтад хамрагдсан бүх хуульч шүүгч болно гэж ойлгож болох уу?
-Шүүгчийн сул орон тоо хэд зарлагдахаас хамаарна. Сургалтад хамрагдсан хуульчдын хувьд шүүгчийн орон тоо гартал 2 жилийн хугацаанд хүний нөөцөд ордог. Гэхдээ шүүгчээр томилогдохгүй байсан ч гэсэн энэ сургалтад сууснаар харах өнцөг маань өөрчлөгдөж байна. Өнөөдрийн авч байгаа мэдээлэл надад мэдлэг болж үлдэнэ.