Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авч ажиллаж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2018 оны 40 дүгээр тогтоолын 2.4-т “хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасны дагуу уг судалгааг хийж байгаа юм. Судалгааны ажлыг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сарын 30-нд баталсан бөгөөд хүүхдийн мөнгийг 2018 оны эхний хагас жилийн байдлаар 790 мянган хүүхдэд олгожээ.
Иргэд судалгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг оршин суугаа газрынхаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс болон сум, хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс тодруулах боломжтой.