Өнөөдөр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн харьяа \”Ази & Африкийн улс орнуудын институт\” дээр манай монгол улсыг дагнан судалдаг, сонирходог судлаач эрдэмтэд, оюутан залуус оролцсон эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлын нээлтийн ажиллагаанд тус институтын захирал доктор, профессор И.И.Абылгазиев, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны III дугаар нарийн бичгийн
дарга Ц.Сайнсанаа нар оролцож үг хэлэв. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд Москва, Санкт-Петербург хотууд, мөн Буриад, Тува, Халимагийн их сургуулийн оюутан залуус хүрэлцэн ирж оролцсон нь онцлог харагдаж байв. Өдөр дундаас эхэлсэн хуралд орос, монголын оюутан залуус Монголын түүх, Чингис хаан, хатад, өнөөгийн манай нийгэмд гарч буй эдийн засаг болон соёлын өөрчлөлтүүд, наадам, буддын шашин, цам, халхын голын дайн, буриад дахь буддын сүм хийд зэрэг төрөл бүрийн сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Ийм төрлийн эрдэм шинжилгээний хуралд анх удаа оролцож үзсэн миний хувьд монгол орны түүх, өөрчлөлт шинэчлэл, өнөөгийн нийгэмд өрнөж буй аж амьдралыг сонирхон судалдаг багагүй тооны орос судлаачидтай нүүр тулж уулзсандаа битүүхэндээ олзуурхаж явав. Миний бие хурлын төгсгөл үеэр эдгээр монгол судлаачдад зориулан \”НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо\” сэдвээр танилцуулга хийж, өнөөгийн манай зэвсэгт хүчний хөгжил, бидний даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийн талаар товч яриа хийлээ. Ямар ч байсан энэ сэдвээр тодорхой ойлголт мэдээлэлтэй болсон гэж найдаж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцож өөрийн бэлтгэсэн илтгэлийг хэлэлцүүлсэн манай монгол оюутан залуусын орос хэлний мэдлэг түвшинг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэгдэл төрч байв.
Энд дурьдахгүй байхын аргаггүй нэгэн явдал тохиосон нь БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Даминсүрэн агсаны охин Анна Дамдиновтай таарч хамтдаа дурьсгалын зураг татуулсан явдал юм. Нас сүүдэр нэлээд дээр гарсан ч яриа тод, хөдөлгөөн хөнгөн ануухан буурай байна.
Р.Энхболд