Баянгол дүүрэг, Тасганы овооны дагуух тарьж ургуулсан ногоон байгууламжийг сүйтгэж хоёр шилмүүст модыг дайрч зугтаасан хэрэг гарчээ. Нийтийн эзэмшлийн зам талбай ногоон байгууламжийг эвдэж сүйтгэсэн тус машины дугаарыг харсан хүн байвал мэдээлэл өгч хамтарч ажиллахыг Улаанбаатар хотын захирагчийн албанаас хүссэн байна.
Мөн өнөөдөр 08.00 цагийн орчим Замын хөдөлгөөний удирдлагын төвийн телекамерт бичигдсэнээр Нисэх-Яармагийн чиглэлийн замаар хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж халтиргаатай замд гулган, хашлага мөргөсөн хэрэг гарсан аж. Улмаар замын зорчих хэсгээс гарч зогссон байна. Иймд жолооч нарыг үзэгдэх орчин хязгаарлагдсан болон халтиргаа гулгаа үүссэн нөхцөлд дүрмийн дагуу аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.