“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.
Наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Монгол түмнийг ивээгч, эв нэгдэл хүч чадлын бэлгэдэл “Очирваань” бурхны дүрийг залж тахина. Энэхүү шүтээнийг Монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрүүлэн бадраан дааж явдаг хэмээн бурхны шашинд үздэг байна.
Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурхныг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зүүн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зүүн талд нь Бурханхалдун уулыг дүрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зүүн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дүрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойронд нь цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл ажээ.
Гандантэгчэнлин хийд “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг хамтран зохион байгуулсаар 3 жил болж байна. Даншиг наадмын гол арга хэмжээ нь мэдээж цамын бүжиг бөгөөд жуулчдын хамгийн ихээр сонирхдог ёслол юм.
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц “1911 оны тусгаар тогтнолын үед VIII Богд зарлиг гарган шашин төрийг бие даасан, тусгаар тогтносон хэлбэрээр явуулах бодлого гаргасан. Үүнээс улбаалан Монголын бурхан шашин хараат бус үйл ажиллагаа явуулах зорилго тавьдаг. Тиймээс энэхүү Даншиг наадмыг Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулж нийт Монголчууд, сүсэгтэн олондоо зориулан зохион байгуулдаг юм. Даншиг наадам Хүрээ цам нэг талаас баяр наадмын шинжтэй боловч бас том засал, гүрэм болдог учиртай. Тиймээс жилд нэг удаа Даншиг өргөж цам харайж сүсэгтэн олны сайн сайхны төлөө ном хурдаг юм. Энэ жил зөвхөн Япон улсаас гэхэд 100 гаруй жуулчин цамын бүжиг ирж үзэхээр бидэнд хандаад байна” гэсэн юм.
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр “Очирваань” бурхны дүрийг залж тахихаас гадна лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогдох ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Түүнчлэн энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой юм байна.