Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна.Тэмцээний нэгдүгээр үе шат долдугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт долоон дасгалаар боловсруулж оноогоо гаргасан байна. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар боллоо.
Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311 анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг найман багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.