Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг.
Мөн хуш мод нь цилиндр хэлбэрийн титэмтэй, нас гүйцсэн нь 30-40 метр өндөр, нэг метрээс дээш диаметртэй, 400 хүртэл жил насалдаг, 25-45 насандаа үр өгч эхэлдэг, үрийн жил нь 5-7 жил тутамд давтагддаг бөгөөд самрын дундаас дээших ургацын хугацаа нь 2-4 жил байдаг. Экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой шилмүүст мод юм.
Хуш мод ойн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болж ус, хөрсийг хамгаалахын зэрэгцээ ойн олон төрөл, зүйлийн амьтан, шувууны амьдрах орчин, хүнс, тэжээлийн бааз, нөөц нь болдог. Тодорхой хугацаанд шинэчлэгдэн солигдон унаж байдаг хушны шилмүүс, боргоцой нь хөвсгөр байдаг тул бусад шилмүүст модтой харьцуулахад хөрсний сайн бордоо болж, усыг өөртөө хамгийн ихээр шингээдэг. Энэ нь ойн чийгшлийг удаан хадгалж, уур амьсгалын таатай орчинг бүрдүүлдэг. Хушин ой нь бактер устгах чадвартай, фитонцид, эфирийн тос их ялгаруулдаг нь орчны агаарыг цэвэршүүлдэг тул эртнээс хушин ойг эмчилгээний зорилгоор ашиглаж байсан түүхтэй.
Мөн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй байдаг учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг бөгөөд халдварт өвчин тараах нөхцөл болдог тул эрүүл ахуйн хувьд тохиромжгүй гэдгийг МХЕГ-аас анхааруулж байна.