Одоогоос 7-8 жилийн өмнө Монгол Улс залуусын орон гэгдэж байлаа. Монгол Улсын нийт хүн амын 35 хувь буюу 945 мянга нь 18-39 насныхан байна гэсэн албан бус судалгаа ч байж. Тухайн үед манай улс 2.5 орчим сая хүнтэй байсан гэж бодохоор түүний бараг сая орчим залуучууд байж.
Дээрээс 0-17 насны хүүхдүүдийн тоог нэмбэл хөгшин хөвөө хүн байна уу гэмээр л тоо гарч байсан нь ойлгомжтой. 1978-1990 оны хооронд Монголд төрөлт маш өндөр байсан. Айл болгон дунджаар 3-4 хүүхэдтэй байлаа.
Тэр хүүхдүүд нь 2000-2010 оны хооронд 20-30 насныхан болж өсөхгүй юу. Ингээд л манай улс залуусын гэх тодотголтой болчихсон хэрэг. Гэтэл одоо өнөөх залуус нь 26-35, цаашлаад 40 гаруй насныхан болж, хөгшрөөд эхэлчихлээ.
Гэтэл араас нь залгах 18-25 насныхан үнэхээр цөөхөн байна. Тиймээс сүүлийн үед Монгол залуусын орон биш хөгшдийнх нь болж хувираад байна. Нэгэн цагт залуусын тоог эрс нэмж байсан 1978-1990 оны залуус нь 30 гараад, 40 шахаж, хижээл насныхан болоход дөхөж яваа болохоор аргагүй шүү дээ.
Тэд л хүн амын ихэнх хэсгийг эзэлж таарна. Тэгээд хөгшин болоод өндөр настнуудынхаа тоотой нийлүүлэхээр хүүхэд, залуусынхаа тооноос бараг л давж байгаа биз.
Энэ янзаараа явж байгаад одоо 30-40 настай залуучууд тэтгэвэрт гараад, цаашлаад бурхны орныг зоривол улсын хүн амын тоо эрс багасах шинжтэй байна.
Гэтэл одоо л эд ажил дээр гарч, залуу халаа болох ёстой залуус хэд байгаа билээ. 1990-2000 оны хооронд айл болгон ганц хүүхэдтэй л байсан. Сайндаа л хоёр. Тэгэхээр тэр цөөнх нэг хэсэгтээ л нийгмийг хямрааж байгаа.
Нэг үеэ бодвол өнөө цагт залуучууд ядахын мууд хоёр хүүхэдтэй болох гэж хичээдэг болж. Гэхдээ нэг харамсмаар зүйл байгаа нь хоёроос илүү хүүхэд төрүүлж байгаа залуу гэр бүл цөөхөн байна шүү дээ.
Яах вэ, нэг хэсэг ганцхан хүүхэд төрүүлдэг байсныг бодвол дэвшил. Гэхдээ хоёр ч бас чамлалттай тоо. Тэглээ гээд яах билээ. залуучууд амьдралаа босгож, орон орон, байр сууцтай болох гэж чөмгөө дундартал зүтгэж байна.
Ийм \”алаан\” дунд гурван хүүхэд төрүүлэх бодол хэдэн хүнд төрөх бол, хэцүү дээ. Тиймээс л төр засгийнхан төрөлтийг, тэр дундаа гурав, дөрөв дэх хүүхдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлмээр байгаа юм. Уг нь яриад л байгаа. Гэхдээ ажил хэрэг болгосон юм алга. Хэрүүлтэй, хараалтай 20 мянган төгрөг хүүхдэд зориулж өгч байгаагаа л хүн амын өсөлтийг, төрөлтийг дэмжсэн бодлого гэж томруулаад байна.
Уг нь хэрэгтэй хэрэггүй элдэв халамжаа бүгдийг нь болиод, ганцхан хүн амын өсөлтөд зориулсан бодлого хэрэгжүүлж, түүндээ мөнгө зарцуулдаг болчихвол аятай юу. Таван хүүхэд төрүүлсэн гэр бүлд улсаас шууд орон сууц өгнө ч гэдэг юм уу.
Нэг хөшүүрэг байдаг даа. Тэгэхгүй бол хүн амын ихэнхийг бүрдүүлж байгаа 1978-1990 оныхон одоо дахиад 9-10 жил өнгөрөөд 40-50 насныхан болно. Ингээд Монгол Улс бүр өвгөн орон болох байлгүй.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин