Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр дахин мэдээлэл хийж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Тэд хэлэхдээ “МАН 2016 онд УИХ-ын ээлжид сонгуульд ажилгүйдэл, ядуурлыг шийдэж, ажлын байрыг нэмэгдүүлэн, авлига хээл хахуультай тэмцэнэ” гэсэн гоё гоё амлалтуудыг авч, үнэмлэхгүй ялалт байгуулсан. Гэвч тэд өнөөг хүртэл энэ сайхан амлалтуудаа биелүүлээгүй өдийг хүрлээ. Эрх баригчид Зөрчлийн хууль нэрээр ард түмний эрх чөлөөг боомилсон, алба гувчуур, торгууль шийтгэлийг нэмэгдүүлсэн харгис бодлого явуулж байна. Өөрсдийн хүч чадлаар хувиараа худалдаа эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн оронд хууль зөрчигч, нийгмийг хордуулагч, хог шаар мэтээр элдэв дарамт шахалт үзүүлж, өр зээлийн дарамтад оруулж, татвар, торгуулиар хүчирхийлж байна. Тиймээс бид эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхээр эсэргүүцлийн нэгдсэн тэмцлийг эхлүүлэх болно. Өнөөдөр Монголд албан бус тоогоор 300 мянга гаруй худалдаа эрхлэгч бий. Тэр бүх хүмүүсийг бид энэ тэмцэлдээ уриалан дуудаж байна. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Тэмцэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ. Хэрэв бидний шаардлагыг хүлээн авахгүй бол бид жагсаал, суултаа өлсгөлөн зарлана” гэлээ.