ЗТХЯ-ны удирдлагууд нэгнийхээ амь насанд халдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын дуудлагын 102 утсанд өчигдөр буюу энэ сарын 9-ний 21:45 цагт нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай ЗТХЯ-ны гадаа хүн нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалтыг хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн тусгай удирдлагын газрын дарга М халдсан болохыг тогтоох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгаж байна. Эрүүгийн хуулийн 10.1 нь “Хүнийг алах” гэсэн зүйл анги юм. Талийгаач Г-н үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.
Уг хэргийн талаар цахим орчинд “албан тушаал булаацалдаж, албан тушаалын асуудлаар маргалдаж нэгнийхээ амь насанд халдсан” хэмээн цацагдаж байгаа нь ташаа мэдээлэл гэдгийг ЦЕГ-аас мэдэгдэж, албан тушаалын ямар нэгэн маргаан байхгүй гэлээ. Харин Г, М нар хоорондын хувийн таарамжгүй асуудлаас үүдэж уг хэрэг гарсан гэж тайлбар өглөө. Ажлын байран дээр Г, М нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтоон ажиллах юм байна.