Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах “OLYMPIC AGENDA 2020” хөтөлбөрийн хүрээнд шинэчлэгдсэн салбар комиссууд байгуулсан. Тус хороо нь нийт 27 салбар комисстойгоор үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс Маркетингийн комиссын гишүүнээр Монголын үндэсний олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио-2020” Монгол улсын багийн ахлагч Б.Баттүшиг сонгогджээ.
Мөн ОУОХ-ны “Спорт ба Эмэгтэйчүүд” комисст Монголын волейболын холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч П.Тунгалаг ажиллаж байгаа бол 2012-2013 онд “Спорт ба байгаль орчин” комиссын гишүүнээр МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан ажиллаж байжээ.
Салбар комисст Японы үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, дарга Такеда Цүнекүза, Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ЕНБД, ОУОХ-ны гишүүн Патрик Бауман тэргүүтэй спортын зүтгэлтнүүд ажиллаж байна.
Б.Баттүшиг нь Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдож, 2017 онд Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлууд хийж байжээ.