Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цүнх, дэвтэр, ном, дүрэмт хувцас гээд хичээлийн хэрэгслийг нь бэлтгэдэг. Энэ үеэр томоохон худалдааны төвүүд болон захууд хөл гишгэхгүй зайгүй олны хөлд дарагдаж худалдаачид эрэлтийг ашиглан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Бид энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлд хэдэн төгрөг зарцуулах тооцоог гаргахаар “Дүнжингарав” худалдааны төв, болон “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорьлоо. Гадуур сурах бичиг, дүрэмт хувцас, хичээлийн хэрэглэлийн үнэ өсөөгүй байна. Энэ сарын 15-н гэхэд нэлээд хэдэн төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг наймаачид хэлж байв.
Дэвтэр 190-1200 төгрөгийн үнэтэй байна
“Дүнжингарав” худалдааны төвд жил бүрийн намар бичиг хэргийн өргөтгөсөн худалдаа болж хичээллийн хэрэглэл, цүнх, дүрэмт хувцас зэргийг нэг дороос авах боломжийг эцэг, эхчүүдэд олгодог. Тус худалдааны төвд хичээлийн хэрэглэл дараах үнээр борлуулагдаж байна.
12 хуудастай дэвтэр- 190-210 төгрөг
12 хуудастай зурагтай дэвтэр- 250-270 төгрөг
24 хуудастай дэвтэр- 400-420 төгрөг
36 хуудастай дэвтэр- 500-510 төгрөг
48 хуудастай дэвтэр-700-750 төгрөг
60 хуудастай дэвтэр- 800-830 төгрөг
96 хуудастай дэвтэр- 1200-1300 төгрөг
Зургийн дэвтэр- 500-6500 төгрөг
Цаасны цавуу- 350-3500 төгрөг
Цаасны хайч- 650-7500 төгрөг
Харандаа- 300-1500 төгрөг
Үзэг- 200-4000 төгрөг
Баллуур- 500-3000 төгрөг
Сампин, савх- 1000-6000 төгрөг
Дэвтрийн хавтас- 50-60 төгрөг
Усан болон тосон харандаа- 2000-12000 төгрөг
Өнгийн харандаа, палмастир- 2000-23000 төгрөг
Үзэгний сав-1000-32000 төгрөг
Хүүхэлдэйн киноны баатрын зурагтай цүнхнүүд 25-50 мянган төгрөгийн үнэтэй
Өнгө алаглуулан өлгөсөн хүүхэлдэйн киноны баатрын зурагтай цүнхнүүд 25-50 мянган төгрөгийн үнэтэй. Харин дунд, ахлах, оюутнуудад зориулсан даавуун, арьсан үүргэвчүүд 25-120 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна.
Иргэн Н.Долгор “Гурван хүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж явна. Одоогийн байдлаар бага хүүдээ дэвтэр, үзэг, харандаа гээд хэрэгтэй зүйлсийг нь авахад нийтдээ 25 мянган төгрөг боллоо. Одоо цүнх, гутал, сурах бичиг, дүрэмт хувцасыг нь авах дутуу байна. Бүтэн жил хэрэглэх учраас гайгүй чанартай юм аваад өгчих юмсан гээд үнэ ханш судлаад явж байна. Ер нь нэг хүүхдийн хичээлийн хэрэгслийг бэлдэхэд ойролцоогоор 250 мянган төгрөг болох байх гэж төлөвлөж байна. Энэ байдлаараа нөхөр бид хоёрын цалин гурван хүүхдийнхээ хичээллийн хэрэглэлийг бэлдэхэд хаанаа ч хүрэхгүй юм шиг байна. Өнгөрсөн жил дунд хүүдээ монголд үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас худалдан авч өгсөн. Гэтэл бөөгнөрч хог их татдаг их хэцүү юм билээ. Энэ жил “Нарантуул” захаас Хятадаас орж ирсэн дүрэмт хувцас авч өгнө гэсэн бодолтой байгаа” гэв.
Нарантуул худалдааны төв дээр сурагчийн дүрэмт хувцас 45-75 мянган төгрөгийн үнэтэй байна
“Нарантуул” олон улсын худалдааны төв рүү ороход хичээлийн шинэ жилийн худалдаа наймаа аль хэдийн эхэлжээ. Энэ жил өмнөх жилүүдэд хэрэглэж байсан загвар бүхий дүрэмт хувцасыг сурагчид өмсөнө. Гэвч загварыг нь дууриалган эсгүүрээр нь чанаргүй материалаар хятадад үйлдвэрлэн хилээр оруулж ирсэн дүрэмт хувцасыг “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр зардаг. Иргэдийн хувьд зах дээр зарж буй дүрэмт хувцасыг бөөсөрч, чанар эдэлгээ сайн даадаг, үнийн хувьд боломжийн” хэмээн худалдан авч байлаа. Жишээлбэл,
Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас дөрвөн хос нь – 55 мянган төгрөг
Бага ангийн охидын дүрэмт хувцас гурван хос нь- 45 мянган төгрөг
Дунд ангийн хөвгүүд, охидынх- 65 мянган төгрөг
Ахлах ангийн хөвгүүд, охидынх 75 мянган төгрөгийн үнэтэй байна.
Энэ жил “Батзүү”, “Өүлэн менч”, “Төмөрт трейд”, “Шилмэл трэйд” зэрэг компани дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхтэй байгаа. БСШУСЯ-наас загвар, стандартыг тодорхойлж өгсөн учраас дүрэмт хувцасыг ижил үнээр борлуулах ёстой гэж заасан. Гэвч аж ахуйн нэгжүүд үндсэн материалуудаа Япон, Солонгос зэрэг орноос оруулж ирсэн хэмээн эцсийн бүтээгдэхүүнийхээ үнийг өөр, өөр тогтоодог байна. Энэ нь эргээд хятадад үйлдвэрлэсэн, өнөөх стандартын бус дүрэмт хувцаснаас ялгах хамгийн гол үзүүлэлт болох үнийн зөрүүг үүсгэдэг аж. Тухайлбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн худалдаачид дүрэмт хувцсаа багцаар нь үндэсний үйлдвэрлэгч нараас 30 мянган төгрөгөөр хямд зардаг юм байна.
Баянгол дүүргийн иргэн Б. Ариунаа “ Үндэсний үйлдвэрлэгч гэхээрээ л бараа бүтээгдэхүүн нь тэнгэрт тулсан өндөр үнэтэй байна. Гэвч иргэдийн бодит байдал ямар байгаа вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Жишээлбэл би үндэсний үйлдвэрлэгч гэх хэдэн компаниас нэгдүгээр ангийн хүүдээ дүрэмт хувцас худалдаж авахаар судалж үзэхэд хамгийн багадаа 81 мянган төгрөг болохоор байсан. Гэтэл зах дээр 55 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр бид үнэ хямдыг нь л сонгоно шүү дээ” гэв.