“Бид театрт хайртай” ТББ-аас Монголд анх удаа байгалийн задгай орчинд театрчилсан уншлага зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь үзэсгэлэнт Цагаан суваргын хормойд Пауло Коэльогийн алдарт “Алхимич” зохиолыг сонгодог хөгжмийн хэмнэлд сонсох юм. Одтой шөнөөр, түүдэг галын дэргэд, говийн элсэн дээр тухлаад мэргэжлийн жүжигчин сонгодог зохиолыг хэрхэн амилуулахыг шимтэн сонсох боломж энд бүрдэх аж.
Адал явдал болоод театрт дурлагч хэн бүхнийг аялангаа, урлагийн ертөнцөөр аялах боломжийг энэ амралтын өдрүүдээр буюу наймдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд олгож байгаа бөгөөд аяллын автобус 18-ны өдрийн өглөөний 10:00 цагт Улсын драмын эрдмийн театрын урдаас хөдлөх юм байна.
Аяллын явцад зөвхөн театрчилсан уншлага сонсоод зогсохгүй үзэсгэлэнт Цагаан суварга дээрээс наран мандахыг харах, байгалийн сайханд органик цай ууж, цай заслын тухайн сонирхолтой яриа өрнүүлж, зөвөлгөө авах, мэргэжлийн тогоочийн хийсэн хоол идэж, хүсвэл өөрийн биеэр оролцох боломжтой гэнэ. Мөн хамтдаа “Алхимич”-ийн ертөнцөөр аялж буй аялагчидтайгаа танилцан, хүссэн сэдвээр ярилцан цагийг зугаатай өнгөрүүлж, “Сартай уншлага”-ын өмнөх театрчилсан уншлагуудыг үнэ төлбөргүй үзэх, мэргэжлийн гэрэл зурагчдаар аяллын зургуудаа авахуулж болох юм байна.
Зүүдэнд ирсэн зөндөө итгэж хоньчин хүү нууцлаг эрдэнэсийг хайхаар холын аялалд гарах аж. Адал явдалд дурлагч та ч бас энэхүү аялалд нэгдэхийг хүсвэл дэлгэрэнгүй мэдээллийг Soirée de la Lune / Сартай уншлага фэйсбүүк хаягаар авах боломжтой.