Тавхан жилийн өмнө диваажин шиг байсан эх
нутаг минь там болон хувирчээ. Аюулгүй, ардчилсан орнууд дотроос амьдрахад хамгийн
хэцүү орон нь Монгол Улс. 18 нас шиг ахиж хэзээ ч олдохгүй тэртээ таван жилийн
өмнө атар талхыг бид 650 төгрөгөөр худалдан авч идээд, үүнийгээ үнэтэйд тооцдог
байлаа. Ямар сайндаа сангийн дэд сайд нь \”Атар талх хэдэн төгрөгний үнэтэй вэ”
гэсэн асуултад 350 төгрөг гэж хариулж, үнэтэй талх идэж буй хүмүүсийн уурыг
барж байхав. Тэгвэл бид одоо атар талхыг 1150 төгрөгөөр худалдан авч, үүнийгээ
үнэтэйд тооцохоо больжээ.
Таван жилийн өмнөхтэй цалин хөлс бараг адилхан.
Тэгсэн атлаа хоёр дахин үнэтэй талх авч идэж буй бид үнэтэйд тооцохоо болсон нь
инфляцийн ханш өсч, эдийн засаг дампуурч, Монгол хүний үнэ цэнэ үгүй болсон шиг
өөрсдийгөө үнэлэх үнэлэмжгүй болж, ирээдүйдээ итгэх итгэлгүй болтлоо доошоо
орсных. Таван жилийн өмнө ам.долларын ханш 1267 төгрөгт хүрэхэд ард иргэд
сандарч, зарим нь бүр айдаст автаж байлаа. Өдгөө ам.долларын ханш он тооллыг
даваад 2050 төгрөгт хүрсэн ч тоож байгаа хүн гэж алга. Хиртэй хумсаа мэрэх нь
холгүй хий дэмий амандаа бувтнаж байна. Хөрст алтан дэлхийн хөвөө хязгаар
нутагт гэдэг шиг тийм л сайхан байж, таван жилийн өмнө.
Таван жилийн өмнө
Монголын эдийн засаг 17.3 хувиар /дэлхийн хаана ч байхгүй өсөлт/ өсч, илүүдэл
орлогоо хийх газраа олохгүй иргэдэд халамж хэлбэрээр тарааж байв. Хамгийн гол
нь, таван жилийн авсан жаахан хэдэн төгрөг минь амьдралд минь хүрэлцдэг, алс
ирээдүйдээ итгэлтэй байдаг байж дээ. Харин одоо 50 жилийн дараа Монгол Улс
мөхнө гээд гаднынхан яриад явж байна.
Тавхан жилийн дотор диваажин байсан орныг
там болгон хувиргаж чадаж байгаа юм чинь 50 жилийн дараа тодорхой л юм байна.
Яасан азгүй юм бэ би, яавал би сэтгэл амар тайван амьдрах юм бол доо эх орондоо.
\”Айлын хүүхдүүд аймар лаг” гэдэг шиг гаднын энэ оронд метро байна, амьдралд
хүрэлцээтэй өндөр цалин байна. Өдрийн 100 долларын цалин аваад 20-хон доллараар
хоёр том тор дүүрэн дуртай идэх юмаа дэлгүүрээс аваад гарч байна. Юмны үнэ дэндүү
хямд байдаг юм байна. Нэг ч малгүй, ертөнцийн нөгөө хязгаараас мал, махаа усан
онгоцоор татдаг оронд Монголоос хямд үнэтэй мах зарагдаж байхыг үзлээ.
Төв
аймгаас хэдэн хонь, үхэр авчирсныгаа тээврийн зардал хэмээдэг манайхны хажууд
30-40 хүнтэй бүтэн сар шахам далайгаар аяладаг, шатахууныг уудаггүй иддэг хөлөг
онгоц тэгээд тээврийн зардал биш юм гэж үү. Эх орныгоо ийм сайхан болохыг энэ яваа
насандаа би л лав үзэхгүй юм байна. Метро гэдэг зүйлийг миний хүүхдийн хүүхэд
үзвэл би хувьдаа талархана. Тэртээ таван жил минь, ойрхон юм шиг хэрнээ яасан
их алсран одоов дээ.