Эрүүл мэндийн салбарт мөн орчин үеийн техник хэрэгсэл, технологи нэвтэрч энэ салбарт ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал чухал болж байна.
Сүүлийн 5 жилд нийт 1854 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 1948 хүн осолд өртөж, 273 хүн амь насаа алдсан байна. 2016 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нийт 3532 хүн идэвхтэй хяналтанд байгаагаас 117 хүнд тахир дутуугийн тэтгэвэр олгож, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээг 2634 хүнд хийж, 7659 хүнийг сувилалд илгээсэн байна. Гэвч бидэнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын дундах осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, тоо мэдээлэл хомс байна. Тухайлбал, мэргэжлээс шалтгаалсан өвчний онош тогтоолгосон нийт хүний ердөө 2% нь эрүүл мэндийн салбарын ажилчид, тэр дундаа химич, лаборант, ариутгагч нар химийн төрөл бүрийн бодисын хорлогод өртсөн гэж бүртгэгджээ.
Ажлын байрны эрүүл ахуйн стандарт шаардлагын хувьд: сүүлийн 5 жилд 197 аж ахуйн нэгжийн 3518 ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт судалгаа хийснээс 62% нь эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй гэж үнэлэгджээ.
Иймээс эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, тэдний ажлын байран дахь эрүүл мэндийг сайжруулах, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор энэ сарын 20-21-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажиллагсадын мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх байдлын товч мэдээлэл, хөдөлмөрийн чадвар алдалтын судалгааг танилцуулах, эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд халдвар хамгааллыг сайжруулан ажилласнаар ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бий болгох зэрэг сэдвийг тусгайлан оруулжээ. Цаашид тус сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах юм байна.