-Их баривчилгаа эхлэх гээд байна уу-
Ирээдүйд үйл явдал хэрхэн өрнөж болохыг харуулах зорилготой өгүүлэмжийг сценари гэдэг. Ийм өгүүлэмж дөрвөн жил тутам сонгуулийн өмнө болдог нь тун сонин. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчилж, түүндээ ирдэв үү МАН-аас сонгуульд нэр дэвшиж байсан Ц.Анандбазар тэргүүтэй нэр бүхий хэд хэдэн хүмүүсийг АТГ-аас шалгаж, саатуулж эхэлсэн. Хачирхалтай нь, сонгуулийн дараа тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, \”өө уучлаарай” гэх нь холгүй сулласан байдаг.
Ингэж төрийн тусгай зорилготой байгууллагын үйл ажиллагааг сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн хүний болон аль нэг бүлгийн эрх ашиг хамгаалдаг, сонгуулиар УИХ-ын гишүүн болох магадлалтай хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх арга хэмжээ авдаг, сонгуулиас сугалж авч үлддэг технологи бий болсон байна.
Энэ арга тактик дөрвөн жилийн дараа дахин эхэлж өчигдөр буюу 2016 оны 4 сарын 11-нд УИХ-ын гишүүн Х.Баттулгын компанийг шалгах нэрийдлээр түүнийг ганхуулах цаашлаад \”баривчилна шүү” гэсэн дохиог өглөө. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй юм биш биз, баривчлах юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. \”Бөөсөнд хутга” гэгчээр ганц компани шалгахын төлөө бөөн хүмүүс аваачиж, тусгай хүчнийхний бүдүүн залуусыг ашиглах хэрэг юун. Дээр нь \”Монголоо аврах хөдөлгөөн”-ий зохицуулагч н.Ганхуягийг жагсаал хийснийх нь төлөө баривчилж байгаа нь хүч султай нэгэнд төр засаг төмөр нүүрээ үзүүлж чаддагийг илэрхийлсэн үйл явдал боллоо.
Ийм технологи эдүгээ бидэнд тийм ч шинэ зүйл санагддаггүй, хуучны зүйл билээ. 2012 онд Н.Энхбаярыг баривчилж бий болсон энэ технологийг сонгуулийн өмнөх их баривчилгаа, нэр дэвшигчдийг хоморголон \”баривчлах” ажиллагаа гэвэл зохилтой. Товчхондоо, сонгуулийн өмнө нэр дэвшигчдийг авлига, хээл хахуулийн хэргээр шалгаж байна хэмээн хууль хяналтын байгууллагаас зарлаж, ард түмний дундах тэдний нэр хүндийг шавартай нь хутгадаг \”агналт” бий болжээ.
Сониноос, өдгөөгөөс яг дөрвөн жилийн өмнө 2012 оны 4 сарын 12-13-нд шилжих шөнө АТГ-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлан авч явж байсан. Н.Энхбаяраар эхэлсэн сонгуулийн өмнө нэр дэвшигчид болон Засгийн газрын эсрэг дуугарагчдын \”сүрийг дарах” ажиллагаа энэ жил бас нэлээд хэдэн нэр дэвшигчдийг онилоод байгаа бололтой.
Төгс