Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү болон АН-аас НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын орлогч, Ядуурал бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр болон холбогдох албаныхан оролцож нийслэл хотод улс, нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулга хүргэлээ.
Бүтэн жилийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, хот тохижилтын ажил 2018 оны байдлаар ямар төвшинд байгаа талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бодит тоон мэдээллийг авч хэлэлцээд АН-ын бүлгийн зүгээс хангалтгүй байна гэж үзэв.
НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү “Энэ жилийн бүтээн байгуулалтын ажлын явц маш удаан байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Бэлтгэл хангалтгүй. Энэ салбарын хөрөнгө оруулалт 90-95 хувьтай гэж ярих байтал өнөөдөр зарим дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил 10-20 хувьтай байна. Хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд бүтэц зохион байгуулалт, менежмент, удирдлага хоорондын уялдаа муутай ажиллаж байгаагаас болж гүйцэтгэл маш бага хувьтай байна. Нийслэлийн ядуурал бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талбарт олгогдог жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл хоёр жил гацлаа. Журмыг нь хуульзүйн яам хүлээж авдаггүй. Нийслэлийн Иргэдийн хурлаас гарч байгаа тогтоол шийдвэрүүд хоосон цаас болж, эрхзүйн үйлчлэл нь тодорхойгүй байна. Эдгээр ажил асуудлуудад онцгой анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
НИТХ-ын ХМОНХТ