Одоогоос дөрвөн жилийн өмнө дөрөвдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 600 орчим цагдаа, тусгай хэлтсийнхэн хүч хэрэглэн баривчилж байв. Тэр үйл явдлыг олон нийтийг цочирдуулж, айдас хүйдэст автуулсан балмад ажиллагаа, хүний эрх, хууль ёсыг уландаа гишгэсэн хэлмэгдүүлэлт, цагдаа хүчнийхэн хууль зөрчсөн, дүрэм журмаа гажуудуулсан гэж олон нийт үздэг. Тэгвэл, мэргэжлийн болоод ёс зүй, хууль, журмын талаас холбогдох байгууллагын ажилтнууд, тусгай хэлтсийнхнээс хэн ч хариуцлага хүлээгээгүй. Харин багаж нь хариуцлага хүлээсэн байдаг.
Тухайлбал, хүчний байгууллагынхан Н.Энхбаярыг баривчлахдаа айл андуурч, тэдний дээд давхарт оршин суудаг иргэн Б.П-ын хаалгыг эвдэн орж, гэрийн эзнийг чирч гулдчин гаргаж ирж байв. Дараа нь иргэний амгалан тайван байдлыг алдагдуулсан, эрхийг нь зөрчсөн, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэсэн асуудал яригдахад шалгалт явуулж \”…Тусгай хэлтсийн албан хаагчид иргэн Б.П-ын гэрийг Н.Энхбаярынх гэж андууран эвдэж орсон нь тогтоогдсон…хохирогч гомдолгүй гэсэн…. хохирлыг барагдуулсан… үлдсэнийг нөхөн төлнө…\” гэсэн утгатай тогтоолыг гаргажээ. Үүнийгээ айлын хаалга эвдсэн гэх хар төмөр хайлшин багаж, тусгай хэлтсээс ирүүлсэн бичлэгт үзлэг хийсэн баримт зэргийг хавсарган Эрүүгийн хэргийн архив руу цохолт хийн шилжүүлсэн байна.
Тэгвэл түүний дараахан Нийслэлийн прокуророос шийдвэрлэхдээ мөнөөх айл андуурч хаалгыг эвдсэн гэх хар төмөр хайлшин багажийг устгасугай хэмээн тогтоол гаргажээ. Ийнхүү тусгай хэлтсийн албан хаагчдын ажилтнуудын өмнөөс багаж нь тусгайлан хариуцлага хүлээсэн байна. Төрийн албан хаагчид ийнхүү хариуцлага хүлээгээгүй ч төмөр багаж нь төрийн өмч хөрөнгө байж таарна. Тэгвэл төрийн өмчийг ийнхүү золигт гаргажээ. Харин тусгай хэлтсийнхэн цаашид хуулиа мөрдөж шударга ажиллаж чадах болов уу. Айлын хаалга эвдэх нь балмад ажиллагаа гэдгээ хүлээн зөвшөөрч багажаа устгасан гэж үзвэл дахиж хэзээ ч хэний ч хаалгыг эвдэхгүй бололтой.
Ч.Зотол
Эх сурвалж: Polit.mn