Монголбанкаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Сард дунджаар 100 орчим тэрбум төгрөг иргэдээс хадгаламжаас татагддаг. Харин долдугаар сард 87 тэрбум төгрөгийн хадгаламж татагдсан байна. Хүүний мэдээллээс харахад энэ оны эхэнд хадгаламж дунджаар 13 хувийн хүүтэй татагддаг байсан. Харин өнгөрсөн сард 11.2 хувь болж, эхний долоон сарын байдлаар иргэдийн хадгаламжийн хүү 1.8 нэгж хувиар буурсан үр дүн харагдаж байгаа. Нийт хадгаламжийн үлдэгдлийг иргэдийнх нь хувь авч үзвэл найман их наяд төгрөгийн хадгаламж бий. Долдугаар сарын байдлаар нийт хадгаламжийн жигнэсэн дундаж хүү буюу үнэ төлж байгаа дундаж хүү нь 12.3 хувь байна. Харин долларын иргэдийн хадгаламж 1.9 их наяд төгрөг. Үнэ төлж байгаа хадгаламжийн хүү 5.4 хувьтай байна” гэв.
Харин бизнесийн байгууллагуудын шинээр банканд байршуулж буй хадгаламжийн хэмжээ бага байдаг байна. Энэ нь хувийн байгууллагууд хадгаламж гэхээсээ илүү харилцах дансандаа мөнгө ихээр байршуулдагтай холбоотой юм байна.Бизнесийн байгууллагууд долдугаар сарын байдлаар 62 тэрбум төгрөг, 37 тэрбум төгрөгийн валютын хадгаламж байршуулсан байна. Эх үүсвэрийнх нь хүү төгрөг дээр 8.5 хувийн хүү, валют дээр 4.8 хувийн хүүтэйгээр байршуулжээ.
Иргэдэд олгож буй зээлийн хүү 2.2 нэгж хувиар буурчээ
Түүнчлэн иргэдэд олгож буй зээлийн хүү 2.2 нэгж хувиар буурсан байна. Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир “Иргэдийн хадгаламж эхний таван сард хэмжээгээ байнга өсөлттэй байсан. Харин 6-7-р сард хадгаламжийн хэмжээ буурах хандлага ажиглагдсан. Хувийн байгууллагуудын хувьд валютаар зээл авах тохиолдол өндөр байсан ба 5-6-р сард зээл авах хэмжээ өндөр байв. Харин долдугаар сард энэ байдал эсрэгээрээ буурсан үзүүлэлт гарлаа. Иргэдийн цалингийн зээл 18.5 хувь, тэтгэврийн зээл 17.8, ипотекийн зээл 12 хувийн хүүтэйгээр /банк өөрийн эх үүсвэрийг нийлүүлж тооцсон/ олгогдсон” гэлээ.
Зээлийн хэмжээг авч үзвэл иргэд 6.8 их наяд төгрөг, хувийн байгууллагууд 3.9 буюу нийт 10.7 их наяд төгрөг гарсан байна.
Нийт зээлийн 8.6 хувь нь чанаргүй, 6.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байна. Зээлийн 22 орчим хувь нь цалин тэтгэвэр, 15 хувь нь худалдаа, үл хөдлөх хөрөнгө 12 хувь, барилга есөн хувь, уул уурхай найман хувийг эзэлж байна. Эдгээр салбар дээр гарч байгаа зээлийн чанарын байдлыг авч үзвэл, боловсруулах, уул уурхай, барилга, худалдааны салбарын чанаргүй зээл 10 хувь давжээ. Харин бусад салбарын чанаргүй зээлийн хувь наймаас доош байна.