Баруун аймгийн харьяат Н.Байгалмаа гэх бүсгүй Италийн нэрт аялагч Марко Пологийн аялж явсан чиглэлийн дагуу буюу Азиас Европ хүртлэх эртний “Торгоны зам”-аар тэмээн аялал хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрээр эхний удаа энэ сарын 17-ны өдөр буюу 10 хоногийн өмнө хордлогонд орж, халууран ардын эмчилгээ хийлгэж аяллаа цааш үргэлжлүүлж байсан тухайгаа өөрийн цахим хуудастаа бичсэн байв. Тэгвэл харамсалтай нь энэ удаа Н.Байгалмаа хүндээр өвдсөн учраас эх орондоо эргэн ирж эмлүүлэхээс өөр аргагүй болсон хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Эргэн сануулахад тэрээр Хятадын хилээр гараад цаашаа Англи хүртэл Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй аялж явсан бөгөөд одоогоор аяллаа цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.