УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын харъяа хорих ангиудын ажилтай газар дээр нь танилцжээ. Тэр үеэрээ С.Зориг агсны гэргий Б.Булгантай уулзжээ. Энэ тухай нь тодруулж УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Төв аймгийн Хорих ангид очиход нөхцөл байдал ямар байсан бэ?
-ШШГЕГ-тай ярьж, танай хуулийг хэлэлцэж байгаа учраас хорих ангиуд дээр газар дээр нь очиж танилцана гэсний дагуу ажлын хэсэгтэй очлоо. ШШГЕГ-ын дэд дарга Л.Туулхүү обьектуудаа үзүүлээд явж байсан учраас ямар нэгэн саад тотгор гарна гэж санаагүй. Гэтэл Төв аймгийн хорих ангийн хашааны хаалганд тулж ирээд л бэрхшээл учирсан. Тэнд урьдчилан хорих бусад газраас өөр байсан. Ер нь тийм газар байна гэж бодоогүй.
Хашааны хаалгаа онгойлгохгүй Л.Туулхүү дарга харуултай нь маргалдсаны эцэст хашаа уруу нь орсон. Ямар сонин юм гээд гайхаж машинаас бууцгаасан. Гэтэл хажуу талаас цэргийн хувцастай хүн камераар зураг аваад эхэлсэн. Юу болоод зураг аваад байгаа юм гэсэн чинь \”Энэ манай дээр байгаа тагнуулын хүмүүс” гэв. \”Яагаад тагнуулынхан энд байгаа юм бэ” гэсэн манай үйл ажиллагааг алхам тутамд нь тагнаж байгаа, мөн бүх өрөө камержсан гэлээ. АТГ-аас дотор, гадна бүх газрыг камержуулсан юм байна. ТЕГ, АТГ Төв аймгийн хорих ангийг өөрийн харъяаны хорих шиг болгосон байна билээ. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын обьектыг Тагнуул болон АТГ өөрийн хорих анги болгосон байна гэж ойлгогдсон. Тийм сэтгэгдэл төрсөн. 461 дүгээр анги дээр уулзалт хийхэд дарга офицерууд нь шал өөр хүмүүс байсан. Биднийг дагуулж ажлаа илэн далангүй танилцуулаад хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна гээд нээлттэй байсан. Гэтэл Төв аймгийн Хорих дээр ирсэн чинь өөрсдөө хоригдол шиг болчихсон.
Дарга цэрэггүй тэнд байгаа бүх ажилтан нь камер доор юу ч ярьж чадахгүй, илүү дутуу үйлдэл ч хийхгүй айдаст автсан байсан. Биднийг дагуулж явсан бүх хүн \”маш нууц, маш нууц дуугарч болохгүй” гэсэн үгнээс өөр үг дуугарах эрх байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль хийх гээд газар дээр нь танилцаж, уулзалт хийж санал хүсэлт авах зорилготой явсан учраас энэ газар ШШГЕГ биш байна тагнуулын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж харагдсан. Өөрөөр хэлбэл, шүүхгүйгээр хүнийг хяналтдаа байлгадаг тийм газар болжээ. Тус хорих газрын уур амьсгал ийм л дүр төрхтэй байлаа. Тэнд хоригдож байгаа хүмүүсийн өнгө зүс 461 дүгээр ангид хоригдож байгаа хүмүүсээс илт гундуу, дарамттай нөхцөлд хоригдож байгаа нь харагдсан. Царай зүс, өрөөндөө байж байгаа байдал гээд л.
-Зураг авах боломж байсан уу?
-Зураг авах нь бүү хэл хүмүүсийг хооронд нь яриулахгүй. Юм ярих гэхээр \”Маш нууц дуугүй бай” гээд аймшигтай уур амьсгалд орсон. Тэгээд Зүүн жигүүрээр нь явж хүмүүстэй уулзаад баруун жигүүрээр нь орох гэж байтал гэнэт зогссон. Яасан гэсэн чинь урд цэргийн ногоон эрээн хувцастай нуруугаа үүрсэн хөлдөө мөрний хэжээнээс арай илүү зай авч /кино дээр гардаг шиг / зогссон гурван цэрэг хөндөлдөөд зогсож байсан. Би эхлээд намайг оруулахгүйн тулд хааж зогсож байна гэж ойлгоогүй. Ажлаа танилцуулах гээд зогссон юм болов уу гэж бодсон.
Тэгээд шууд алхах гэсэн чинь \”Та тийшээ орж болохгүй” гэсэн. Яагаад гэхээр \”Маш нууц таныг болон хэнийг ч оруулж болохгүй” гэлээ. \”Яг юу нь маш нууц байгаа юм, энэ обьект маш нууц байгаа юм уу, эсвэл цаана нь байгаа хүн нь, эсвэл хэрэг нь маш нууц юм уу” гэж асуусан. \”Хэрэг нь маш нууц” гэдэг хариулт өгсөн. \”Тэгвэл маш нууц хэргийн хавтаст хэргийг үзэхгүй. Маш нууц хэргийн байцаалт авсан байдлыг нууцаар хий. Харин хүн бол маш нууц обьект байж болохгүй.
Бидэнд ар гэрээс нь өргөдөл ирсэн. Өргөдөл дээр түүний хоригдож буй нөхцөлд гомдол гаргасан. Тиймээс Булганы хоригдож байгаа нөхцөл байдлыг үзнэ” гэлээ. Үзүүлэхгүй гэсэн. Тэгээд үзнэ, үзүүлэхгүй гэж маш удаан маргалдсан. Сүүлдээ яагаад уулзахгүй гээд байгаа юм гэсэн чинь тушаалтай гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл тушаал өгсөн хүнтэйгээ холбогдоод зөвшөөрөл аваад өг. Би хүлээгээд сууж байя гээд газар хөлөө жийгээд суучихсан. Тэгээд Л.Болд гишүүнээ миний зургийг ав даа гэсэн юм. Болд гишүүн миний зургийг авсан чинь зураг авч болохгүй гээд болиулсан. Ерөөсөө зураг авч болохгүй, үг хэлж болохгүй, алхаж болохгүй тийм хэсэг газар байлаа. Сууж байхдаа маргалдаж л байв. Та нар яагаад Монгол Улсын иргэнийг маш нууц болгодог юм бэ. Монгол Улсын иргэн гомдол гаргах, өмгөөлүүлэх эрхтэй. Гэм буруу нь тогтоогдоогүй битгий хэл тогтоогдсон ялтан хүртэл тийм нөхцөлд хүний эрхийг дээд зэргээр хязгаарласан ийм орчинд хоригдох ёсгүй.
Ялтан хүмүүс чинь хараа хяналттай обьектоос гарахгүйгээр ажил хийж, хохирлоо барагдуулж дансанд нь хүртэл мөнгө нь төвлөрч байдаг биз дээ. Харуул хамгаалалт хяналт тогтоосон газраа л байж байвал тэр хүнийг дотроос нь гаднаас нь байнгын хараа хяналтад байлгах эрхгүй. Үзвэл үнс болчихдог, харвал хальс болчих зүйл биш биз дээ гэсэн. Тэр хүмүүс ямар ч нүүрний хувиралгүй, ямар ч тайлбар өгөхгүй байсан. \”Нууц болохгүй” гэсэн хоёр үг амнаас нь гарч байсан. Тэгэхээр нь \”Ер нь Булган амьд уу, та нар алга болгочихоод нуугаад байгаа юм биш биз. Амьд юм бол үзүүл” гэж шаардсан. Тэгсэн нөгөө цэрэг утсаа барьж байснаа мэссэж бичсэн үү нэг үйлдэл хийсэн. Гэтэл нэг их удалгүй нөгөө залуугийн утас нь дуугараад залуу гарч ярьсан. Орж ирээд за одоо тийшээ нэвтэрч болно гэсэн.
-Нөгөө дагуулж явсан ШШГГ-ын дэд дарга хориотой бүсэд орсон уу?
-Биднийг дагуулж явсан ШШГГ-ын дэд дарга Туулхүү тийшээ орох нь битгий хэл алхах ч эрх байхгүй. Би орж болдоггүй юм бол өөрийнхөө обьектод та ор доо гэсэн. Тэгсэн чинь Туулхүү дарга алхдаггүй, ордоггүй. Танай хүмүүс чинь ядаж орно биз дээ гэтэл тэднийг оруулахгүй. Туулхүү дарга ямар ч эрх мэдэлгүй тийм л байсан.
-Тэгэхээр маш нууц жигүүрт орох зөвшөөрлийг оруулахгүй гээд байгаа тагнуулын цэрэг тушаал өгдөг хүнтэй холбогдож байна гэсэн үг үү?
-Тийм л болж байна. Би яг хэн гэдэг даргатай холбогдсоныг мэдэхгүй. Туулхүү даргын дэргэд хэлсэн. Хуучин НАХЯ-ны шорон гэж ийм газар байсан байх. Түүнээс биш обьект дотроо алхаж болохгүй ийм юм байж болдог юм уу гэж ярихад Туулхүү дарга хариулж чадахгүй байсан. Хариулах л юм бол бичлэгт орох учраас тэр хашаанд орсноос хойш бичлэг байнга хийгээстэй бүх хүний ам үдээстэй, зураг авч болохгүй ийм л байлаа. Л.Болд гишүүн өөрийнхөө утсаар миний зургийг авсан болохоор улаан цайм утсыг нь булааж авч чадаагүй. Өөр хүн зураг авсан бол авах байсан.
-Булганы хоригдож байгаа хэсэг рүү очиход л ийм юм болоод байна гэсэн үг биз дээ?
-Тийм. Тэгээд Булган руу очсон. Булганы байсан баруун жигүүрт түүнээс гадна олон залуучууд байсан. Бүгд л шүүгдэж байгаа, малын хулгай, жижиг танхай хэргээр, хэрэг нь шүүхээр ороогүй мөрдөн байцаагдаж байгаа хүмүүс. Тэр залуучуудын өмнүүр яваад хамгийн мухарт хоригдож буй Булган дээр очсон. Булганы өрөөны гэрэл бусад өрөөний гэрлээс тод байсан. Бусад өрөөнийх бүдэг. Булганы өрөөны байрлал нөгөө хүмүүсийн өрөөний харалдаа биш. Харин урдуур нь явж буй тагнуулынханд бол ил. Булганы үйлдэл бүр камерт бичигдэж байгаа.
Нөгөө талаас тэр өрөөнүүд нэг л нимгэн ханаар тусгаарлагдсан. Булган ямар л дуу авиа гаргана бүх өрөөний хүмүүст сонсогдоно. Намайг Булгантай ярьж байхад бүх өрөөний залуучууд сонссон. Надтай хамт ШШГЕГ-ын дагаж явсан ажилчид, тагнуулынхан бүгд бичлэг хийсэн. \”Булганаа сайн уу” гээд л очлоо. Өөдөөс \”Таван сар ийм л болчихоод байж байна даа” гэсэн. Булганыг 461 дүгээр хорих ангид авчирсан гээд байсан нь огт худал мэдээ байсан. Булганаас огт гараагүй юу гэж асуусан. \”Огт гараагүй, би энэ дөрвөлжин өрөөнөөс хаашаа ч гараагүй” гэсэн. Даарч байна уу, яаж байна гэсэн чинь \”Баривчлагдаж ирсний дараа эхний нэг сар маш их даарсан.
Тэр нэг сард гаднаас хувцас өгөөгүй. Гэрээс юу ч аваагүй, оруулаагүй. Хоол ундны хүчил шүлтний баланс алдагдсан, дан давстай хоол идсээр байгаад хоол унд өөрчлөгдсөнөөс болоод бөөр нь өвдсөн” гэж байна билээ. Өөрөө эмч хүн сэтгэл санааны хувьд тийм ч амархан сэтгэлээр унадагүй хүн юм. Бүх юм нь давс, цэвэр ус уух юмсан. Чихэрлэг юм идэх юмсан гэж маш их хүсч байна. Нэг сайн юм нь бие дээр яр шарх үрэвсэлтэй юм гарахад давстай хар цайгаар шавшиж ашиглаж байна гэсэн.
-Та нарыг шалгаж оруулсан уу. Эргэлт оруулж чадсан уу?
-Бид хоёр жижиг жүүс, нэг уут чихэртэй очсон. Энэ дотор ганц боодол чихэр байгаа гэсэн. Тэгсэн наадах чинь надад ирэх болов уу, яадаг бол өгдөггүй гэсэн. Тэгэхээр нь та нар чихрийг нь өгөөрэй гэж хэлээд гадна байсан хүмүүст өгсөн.
-Та Булганд юу гэж хэлсэн вэ?
-Та бол ямар нэг асуудлаар сэжигтэн, яллагдагч байж болно. Тэрийг бид мэдэхгүй. Гэхдээ та гэрч, хохирогч хүн. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай мөн Тахарын албаны тухай хууль Монгол Улсад байгаа. Энэ хуулийг та мэдэж байна уу. Тахарын албанд өөрийгөө хамгаалуулах хүсэлт тавьсан уу гэж асуулаа. Тэгсэн тийм хууль байдгийг надад хэн ч тайлбарлаж өгөөгүй. Миний эрхийг тайлбарлаж өгөх боломжийг хэнд ч олгоогүй. Би тийм эрхтэй гэдгээ мэдэхгүй. Та яг ямар хэрэгт сэжиглэгдэж, хэдэн удаа байцаалт өгсөн бэ гэж асуусан чинь, би аль хэдийнэ яллагдагч болсон шүү дээ гэсэн. Тэгээд цааш ярих гэтэл хэрэг ярихгүй гэсэн.
-Өмгөөлөгч нь тайлбарлаж өгдөггүй юм байх даа?
-Өмгөөлөгчийг нь уулзуулах тун дургүй, уулзуулах гэхээр Тагнуулын бичлэг хяналтад уулздаг. Бүрэн хэмжээнд өмгөөлөл авч чадахгүй байдалд байна. Тэгээд Булганд хандаж та одоо өргөдөл бич гээд авч явсан Тахарын албаны тухай хуулиа, үзэгтэй өгсөн. Өргөдөл бичих цаас байхгүй гэлээ. Цаас авах уу гэсэн чинь цаас хураагаад авчихна. Миний бичсэн бүх өргөдлийг хураагаад авсан гэж хэлсэн.
Энд 1937 он болж байх шиг санагдсан. Хүний бичсэн өргөдөл бүх захиа, цаасыг цааш нь дамжуулахгүй хурааж авна гэдэг байж боломгүй. Өргөдөл гомдол гаргах эрхийг нь эдлүүлэхгүй байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өргөдөл бичсэн гэнэ. \”Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Чи улстөрчдөд намайг ингэж хэлж байна гээд дамжуулж өгөөч” гэсэн. Тэгээд ар гэрийнхэндээ ээждээ дамжуулж хэлсэн үг бий. Ээждээ битгий санаа зовоорой. Би ямар ч байсан даваад гарна. Надад хийсэн хэрэг байхгүй гэж хэлүүлсэн.
-Танд утсаа бичлэг хийдэг дээр нь дарах боломж байгаагүй юу?
-Бүх юм хараа хяналтад байхаар их хэцүү юм билээ. ШШГЕГ-ын уур амьсгал надад үнэхээр хачин нийгмийн буруу тогтолцоо санагдсан. Булганы өрөө дөрвөн талдаа нарийн өдрийн гэрэлтэй. Бусад өрөө нь бүдэг гэрэлтэй, бие засдаг газар нь өрөөнийхөө хойд хэсэгт буланд байгаа бол Булганы өрөөнийх яг үүдэндээ харуул хамгаалалтынхны нүдэн дээр ил.
-Солих хувцас оруулсан гэнэ үү?
-Таван сар болохдоо нэг л удаа хувцсаа сольсон гэж байсан. Одоо өмсөж буй хувцас нь анх орж ирэхдээ өмссөн хувцас гэсэн. Хагас түрийтэй гутал, өмд, том хэлхгэр цамцтай байсан. Хүмүүс ном сонин авчирч өгөхөөр оруулдаггүй. Урд нь нэг хүний авчирч өгсөн номыг уншсан. Дахиад нэг ном ирсэн оруулахгүй саадтай байгаа. Тэр номыг оруулж өгөөч гэж хэлүүлж байна лээ.
-Булганд хүчээр хэргийг хүлээлгэх гээд байгаа юм биш үү. Яг л нөгөө хэлмэгдүүлдэг үе шиг. Залхаан цээрлүүлж байгаад?
-Өөр юу гэж тайлбарлах юм. Бидэнд өөрөөр тайлбарлах хэлбэр олдохгүй байна.Үзэг цаас байхгүй, өмгөөлөгчтэйгөө чөлөөтэй уулзаж чадахгүй 24 цагийн турш гэрэл асаалттай. Бусдын адил чөлөөтэй унтаж өөрийгөө далдлаад тухтайхан бие засч чадахгүй тийм орчинд байна гэдэг залхаан цээрлүүлэлтийн хэлбэр гэхээс өөр юу гэхэв. Тэр хүн гэмтэй ч, гэмгүй ч эрхээ эдэлж байгаад л гэм буруу нь тогтоогдоно биз дээ. Эрхийг нь эдлүүлэхгүй тогтоох гээд байна гэдэг чинь хүчээр л тогтоолгох гээд байна. Тийм сэжиг төрж байна.
-Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Тахарын албыг оруулах тухай яригдаж байсан. Энэ нь зөв үү?
-Би энэ танилцах үйл явдлаас маш хатуу итгэл үнэмшилтэй боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяанд Тахарын албыг оруулна гэсэн төсөл явж байгаа. Д.Дорлигжав сайдын өргөн барьсан энэ төслийг дэмжиж болохгүй юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийнхээ биш өөр байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болсон юм байна. Ийм үед хохирогч, гэрчийг ийм байгууллагын мэдэлд өгч яасан ч болохгүй. Тахарын алба тусдаа байгууллага байх ёстой гэсэн миний байр суурийг улам бататгаж өглөө.
Тахар шүүхийн үйл ажиллагааг саадгүй явуулах гэрч хохирогчийг хамгаалах байгууллага. Гэрч, хохирогчийг хүссэн үед нь хамгаална. Шүүхийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд гэрч, хохирогчийг хуралд авчрах үүрэгтэй. Гэрч хохирогч дуудаад ирэхгүй байгаа тохиолдолд авчрахаас өөр аргагүй. Шүүхийн шийдвэр хугацаандаа гарах ёстой. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Иргэд гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага байдаг гэдгийг мэдэхгүй явж байгаад хохирох аюулаас Тахарын алба хамгаална. Анх байгууллагдсаны дараа Тахарын алба цөөхөн гэрч, хохирогчийг хамгаалдаг байсан бол одоо хоёр дахин их хандалттай болсон. Ялангуяа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь нас нь хохирч хулгайлуулах, зодуулах гээд байгаа хүмүүс илүү их хамгаалуулдаг.
Б.Булганы хувьд өмгөөлөгч эсвэл өөрөө Тахарын албанд өргөдөл гаргах ёстой. Гэхдээ Булганд цаас үзэг байхгүй байгаа учраас өргөдөл нь Тахарын албанд хүрэхгүй байх магадлалтай. Тиймээс өмгөөлөгчид хандана.
-Яагаад тэр өмгөөлөгч нь одоо болтол хандахгүй байгаа юм бол?
-Өмгөөлөгч бас дарамтад байна. Хэрэв өмгөөлөгч дарамтад биш байсан бол чөлөөтэй сэтгэж байх ёстой. Тэгэхээр Булганыг өмгөөлөх өмгөөлөгчөөс нэлээд их эр зориг шаардах болж байна. Өмгөөлөгчийг бид дэмжих хэрэгтэй. Хэрэв Тахарын албанд Булганыг хамгаалуулах тухай өргөдөл ирвэл прокуророос зөвшөөрөл өгөөд түүнийг Тахарын албанд шилжүүлж болно. Ингэсэн тохиолдолд Тахарын алба байцаалт өгөх бүрт нь шүүхэд аваачиж өгч болно.
Булганд болон гэрч, хохирогч нарт зориулсан хууль манайд бий. Гэхдээ энэ хуулийг тэр хүнд хэрэглэхгүй байгаад хамаг учир байна. Тэр байтугай сэжигтэн, яллагдагчид ч хэрэглэдэггүй залхаан цээрлүүлэлтийг хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл залхаан цээрлүүлэлтийн энэ нөхцөл байдал дээр нь Булган өөрөө маш нууц байдалд байна. Ийм зүйл байж болохгүй шүү дээ. Би тушаал өгдөг хүндээ дамжуулж хэлэх байх гэж бодоод тагнуулынханд хавтаст хэрэг нь маш нууц байж болно, хүн нь өөрөө маш нууц байж болохгүй биз дээ гэж хэлсэн.
-Хэрэв үхчихсэн бол яах ёстой юм?
-Ямар сайндаа л та нар Булганыг үхүүлчихсэн юм уу, нүдээрээ үзэж байж эндээс явна. Та нар алга болгочихоод маш нууц, маш нууц гээд байгаа юм уу, харж байж явна гээд суух вэ дээ. Тэгж байж л Булгантай уулзлаа.
– Булган их зориг тэвчээртэй сэтгэлийн хаттай хүн юм. Бясалгал хийдэг гэж байсан?
-Анх баривчлахад өөрийнх нь гэр, ээжийнх нь гэрийг нэгжсэн гэсэн. Миний гэрийг нэгжих яахав, харин 18 жилийн дараа ээжийн минь гэрийг нэгжээд яах нь вэ дээ. Ээжийг минь давхар сэтгэл санааны дарамтад оруулсан гэж ярьж байсан. Бясалгал хийж өөрийгөө хамгаалж байгаа гэсэн. Эмч хүн тулдаа тэсээд, тэвчээд эрүүл мэндээ хамгаалж байх шиг санагдсан.
– Гэрээс нь юу хайсан бол?
-Мэдэхгүй тэр бол маш нууц.
-Та түүнтэй эмэгтэй хүний хувьд өөр юу ярив?
-Ариун цэврийн хэрэглэл байна уу гэсэн чинь \”тийм юм байхгүй байж байгаад саяхан орж ирсэн” гэж хэлсэн. Үнэхээр аргаа барсан эмч хүний хувьд эвтэйхэн тэгээд нэг юм болгож байна даа гэсэн.
-Цаашид яах ёстой вэ. Прокурор үүнд яагаад хяналтаа тавихгүй байна вэ?
-Аливаа мөрдөн байцаалтад прокурор хяналт тавих ёстой. Прокурор хяналтаа тавиагүй.
-Тэгвэл прокурор тагнуулын дарамтад ороод хяналт тавьж чадахгүй байна гэсэн үг үү?
-Прокурорынхан тагнуулын дарамтад орно гэвэл ардчилсан тогтолцоо буруугаар эргэсэн гэсэн үг. Ажлаа мэдэхгүй, чадваргүй, прокурор зориггүй байна. Прокурор ажлаа мэддэг бол шалгаад хүний эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох ёстой. Энэ бол прокурорын буруу гэж хэлнэ. Тагнуулынхан буюу АТГ-ынхан хүний эрхийг зөрчдөг институц болгосон нь прокурорын буруу. Хүнийг ийм байдал байлгаж байна гэдэг арай ч дээ. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулна гэдэг утгаа алдсан гэсэн үг. Одоо прокурор ажлаа хийх хэрэгтэй.
Тэр байранд үзлэг хийж тагнуулынханд хяналт тавих эрх хэмжээг нь зааж өгөх хэрэгтэй. Булганыг заавал хорих ёстой бол 461 дүгээр ангид хоосон сул өрөө зөндөө байна. Тийш нь явуулах хэрэгтэй. Эсвэл Тахарын албанд хүлээлгэж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг сахиулдаг институц прокурор мөн үү биш үү гэдгийг харах цаг болжээ. Прокурор хүмүүстэй нийлж хүнийг ялладаг гэдгийг ард түмэн мэддэг. Харин прокурор хоригдож буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг үүрэгтэй гэдгээ мартсан байна. Тиймээс прокурорт олигтойхон шиг ажиллаач гэдэг шаардлага тавимаар байна.
Шүүх нь шүүх шиг, прокурор нь прокурор шиг, өмгөөлөгч нь өмгөөлөгч шиг байж чадахгүй болно гэдэг ардчилсан тогтолцоо алга болж хүний эрхийн тогтолцоо ажиллахаа больжээ. Тэгэхээр ардчилсан тогтолцоо хүний эрхийн тогтолцоог ажиллуулахгүй болтол нь тагнуул болон мөрддөг байгууллагынханы хараанд оржээ. Чойбалсангийн үеийн жишиг. Хүчний байгууллагууд нь хүчээ аваад эрхийн байгууллага нь газар доор орчихож. Ийм байдлаар хуулийн байгууллагад үнэт зүйл гажуудсан. Хуулийн байгууллага дотор үнэт зүйлийн гажуудлыг бий болгож буй удирдлагууд байр байрандаа ажлаа хийх хэрэгтэй.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: \”Зууны мэдээ” сонин