Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг Хонконгт айлчилж, \”Credit Suisse” банкнаас зохион байгуулдаг Азийн хөрөнгө
оруулагчдын 19 дэх удаагийн чуулга уулзалтад оролцож үг хэлэх үеэр \”Монгол
дэлхийн хамгийн ардчилсан малтай” орон хэмээн мэдэгдсэн. Ч.Сайханбилэг Ерөнхий
сайдын энэ үг, модон хэллэг уулзалтад оролцсон 600-гаад төлөөлөгчийг бүгдийг нь
инээлгэсэн ч Монгол Улс үнэхээр дэлхийн хамгийн ардчилсан малтай орон юм. Учир
нь, Монгол Улсад таван хошуу мал хүссэн газраа явж, юу таарснаа иддэг. Монгол
Улс нийт мал, нэг хүнд оногдох мал, таван хошуу мал тус бүрийнхээ тоогоор
дэлхийд тэргүүлэгч орон.
Дэндүү ардчилсан малтай орон гэвэл Монголыг хэлнэ.
Тиймээс Монгол мал, Монгол мах дэлхийд үнэлэгдэж, амт чанар, аюулгүй байдлаараа
гайхагддаг. Дээр нь жил бүр улсаас малд зориулж эм тариа, өвс тэжээлийг нь
дөхүүлж өгдөг. Бүр мал төллөлтийг хүүхэд төрөхөөс илүү авч үздэг болчихоод
байна гэвэл Төр засаг нэг их гомдохгүй байх. Хүүхдийг амыг дуртай дургүй 20
мянган төгрөгөөр таглах мөртлөө ямаанд 30, 40 тэрбумаар нь зарцуулдаг төр
засгийн ачаар нэг ямаа нэлээд хэдэн хүүхдээс үнэтэй байна. Учир нь, килограмм
ноолуур өнөөдөр гурван хүүхдийн нэг сарын мөнгөтэй тэнцэж байна.
Энэ ч яахав,
хамгийн гол нь таван хошуу малаа ганц сар эзэнгүй /Хүнс, хөдөө аж ахуйн сайдгүй/
байлгаж үзээгүй төр засаг хэдхэн бяцхан үрсээ таван сар харах хүнгүй /Эрүүл
мэндийн сайдгүй/ байлгаж, үүний улмаас 2016 оны эхний гурван сарын байдлаар 0-5
хүртэлх насны 491 хүүхэд эндсэнийг С.Ламбаа тэргүүтэй албаны хүмүүс мэдээлсэн.
Түүний хэлснээр, гуравхан сарын дотор нас барсан 0-5 насны 491 хүүхдийн 427 нь
0-1 хүртэлх насных аж. Харин 491 хүүхдийн ердөө 59 нь улаанбурхан өвчний улмаас
нас барсан аж. Ямартай ч, 491 гэдэг тоо, 0-1 насны 427 гэдэг тоо 3 сая
Монголчуудын хувьд их тоо, цөөхөн хэдэн монголчуудын хувьд цөөн хувь биш. Тэгвэл
55 сая малтай Монгол Улс өнгөрсөн мал төллөлтөөр улсын хэмжээнд төл малаа 98-99
хувьтай хүлээн авчээ.
Товчхондоо, Монгол Улсад нийт тоотойгоо харьцуулахад 0-1
насны хүүхэд илүү эндээд байна. Энэ нь, төр засгийн үйлчилгээ түмний хүүхдүүдэд
хүрч чадахгүй байгаагийн илрэл. Түүнээс биш иргэд үр хүүхдээ малаас дор үзнэ
гэж юу байхав. Эрүүл мэндийн салбар, Эрүүл мэндийн сайд бол айл өрхөөр \”гэрийн эзэгтэй”
гэсэн үг. Ээж нь байхгүй хүүхдүүд өвдөж зовох нь энүүхэнд. Гэтэл Эрүүл мэндийн
салбарыг 2015 оны 11 дүгээр сараас хойш эзэнгүй байлгасан нь яалт ч үгүй төр
засаг, эцэг хүний буруу. Үүнээс гадна ардчиллын амин сүнс болсон хүний эрх, эрх
чөлөө нь зөрчигдсөн, шударга ёс нь алдагдсан, эрүүл аюулгүй орчинд амьдрах
нөхцөл байхгүй Монгол Улсад хүүхдүүд ардчилсан амьдарч байна гэвэл Хонконгт гаднынхан
инээсэн шиг шоолох биз.
Эцэст нь, дайн тулаантай оронд ч гуравхан сарын дотор 3
сая хүнээс 0-5 насны 491 хүүхэд нас бараагүй байхад Монгол Улсад ийнхүү
олноороо нас барсан нь үгүйсгэж боломгүй үнэн. Ч.Сайханбилэгийн сайдын хэлсэнчлэн Монголд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Гэхдээ маханд бус хүүхдүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна шүү.