Индонезийн нийслэл Жакартад Азийн спортын XVIII наадам өчигдөр орой буюу энэ сарын 2-ны орой өндөрлөлөө. Энэ удаагийн наадмаас Хятадын баг тамирчид 132 алт, 92 мөнгө, 65 хүрэл, нийт 289 медалийн амжилтаар Азийн наадамд 10 дахь удаагаа тэргүүлж, Япон хоёрдугаарт, БНСУ гуравдугаарт, зохион байгуулагч Индонез улс дөрөвдүгээрт жагсч, есөн улсын баг тамирчид медальгүй нутаг буцлаа.
Цар хүрээгээрээ Олимпийн наадмын дараа ордог энэхүү наадмаас манай улс 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл медаль буюу нийт 25 медалиар 16 дугаар байрт жагссан юм. Харин энэ тэмцээний “Хамгийн үнэ цэнэтэй тамирчин” шагналын эзнээр Японы багийн усанд сэлэлтийн тамирчин Рикако Икее хүртлээ. Тэрээр эмэгтэйчүүдийн усанд сэлэлтийн төрлөөс нийт 6 алт, 2 мөнгөн медаль хүртэж, энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорсон байна. Ингэснээр Рикако Икее Азийн наадмын түүхэнд энэхүү шагналын эзэн болсон хамгийн анхны эмэгтэй тамирчин болж байгаа юм.
Хаалтын орой “Тэмдэглэх, Талархах” сэдэвт ёслолын ажиллагаа болж, Индонезийн ард түмний Азийн наадмыг амжилттай зохион байгуулсан баяр бахдал, Азийн тамирчдын энэ наадмаар гаргасан спортын төлөөх хичээл зүтгэл, эрэмгий зоригийг харуулсан юм. Ёслолын үеэр 2022 оны Азийн спортын наадмыг зохион байгуулах Хятадын Ханжөү хот Азийн спортын наадмын далбааг хүлээн авч, “Ханжөүгийн 8 минут”-ын уран сайхны тоглолтыг өргөн барив.
2018 оны Азийн спортын наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ныг дуустал Индонезийн Жакарта, Плембан боомтод болж, Азийн 45 улс орон, бүс нутгийн 10 мянга гаруй тамирчин спортын 40 төрөлд 465 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.