Үсчин, гоо сайханчдын ур чадварыг сорьдог \”Алтан хайч” улсын уралдаан өнөөдөр эхэллээ. АСА циркт болж буй 14 дэх удаагийн \”Алтан хайч” тэмцээнд үсчин гоо сайханч мэргэжлээр сургадаг хот, хөдөөгийн мэргэжлийн боловсролын 14 сургуулийн 144 оюутан суралцагч ур чадвараа сорьж буй юм. Энэ удаагийн тэмцээн ирэх онд АНЭУ-ын Абу Даби хотноо болох Дэлхийн ур чадварын олимпод оролцох шилдгүүдийг тодруулах нэг шат болж буйгаараа онцлогтой юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын үнэлэмжийг өсгөх, олон улсад нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2014 онд Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орон болж улмаар өнгөрсөн жил Бразил улсын Сан Пауло хотноо болсон 42 дэх удаагийн мэргэжлийн олимпод манай улс анх удаа есөн төрлөөр өрсөлдсөний дотор үсчин, гоо заслын мэргэжлүүд орж буй бөгөөд манай залуус маш амжилттай оролцоод ирсэн билээ.
\”Алтан хайч” тэмцээний нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 2017 оны Ур чадварын олимпод манай улс хэдэн мэргэжлээр оролцохоо тодруулах зорилгоор \”Монгол ур чадвар-2016” ур чадварын улсын уралдааныг 10 төрлөөр зохион байгуулж эхлээд байгааг дурдаад \”Энэ жилийн \”Монгол ур чадвар-2016” тэмцээнийг олон улсын дүрмээр шүүн явуулж байгаагаараа онцлогтой. Жилээс жилд \”Монгол ур чадвар” тэмцээний оролцогчдын ур чадвар өсч байгаа нь оролцогчдын даалгаврын гүйцэтгэл улам бүр нарийн болж байгаагаас харагдаж байна. Ур чадварын тэмцээнд оролцсоноороо суралцагчид бие биенээсээ суралцаж, багш нар хоорондоо туршлага судлан, шинэ, шинэлэг бүтээлч санааг түгээн дэлгэрүүлэх гээд ололттой талууд олон бий. Мэдээж хэрэг оролцогч бүр амжилт гаргахыг бодож, хичээж байгаа. Гэхдээ тэмцээнд тэргүүлж медаль, шагнал авахыг урьтал болголгүйгээр мэдсэн сурсан, эзэмшсэн ур чадвараа аюулгүй, алдаагүй гүйцэтгэн илүү олон зүйлийг сурч мэдэх нь чухал юм” хэмээж тэмцээнд оролцогчдод амжилт хүслээ. Тэрбээр мөн Абу Дабид болох дэлхийн олимпод эх орноо төлөөлөх ур чадварын шилдгүүдийг \”Алтан хайч” тодруулна гэдгийг ч онцолсон.
Энэ удаагийн тэмцээнд оролцогчид эхний гараанд эрэгтэй креатив засалт, эмэгтэй урт үсний самналт, химийн хагалгаа, дамар ороолт, mixmedia дизайнаар хумсны урлал бүтээл хийх гэсэн төрөлд өрсөлдөж хоёрдугаар гараандаа эрэгтэй чөлөөт засалт, эмэгтэй креатив засалт, тайралт, уран сэтгэмжийн нүүр будалт зэрэг үсчид долоо, гоо засалчид хоёр, хумс засалчид нэг төрлөөр ур чадвараа сорино.
\”Алтан хайч” улсын уралдаан нь сургалтын хүрээнд суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих тэднийг олон улсын жишигт хүргэх, мэргэжлийн чадвар, чадамжийг тодорхойлох ба дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд уралдааны зорилго нь үсчин, гоо засалч, хумс засалч мэргэжлээр суралцагчдын мэргэжлийн ур чадварын эзэмшилтийн түвшинг дээшлүүлэх дэлхийн үсчин, гоо засалчдын дэвшилтэт техник технологийг дэлхийн ур чадварын стандартыг сургалтын агуулгад нэвтрүүлэхэд оршдог. Жил жилийн \”Алтан хайч” тэмцээнээр тухайн оны трэнд үсний засалт, нүүр будалтыг танилцуулахын хамт Монголын үсчин гоо сайханчдын сургалт, ур чадварыг мэдрүүлдэг бөгөөд тэмцээнийг Хөдөлмөрийн яам, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Үсчин гоо сайханчдын холбоо хамтран зохион байгуулж, \”Ганхолдинг”, \”Монкрем” ХХК болон \”Гоо хатад”, \”Great beauty Mongolia”, \”AMY” дэлгүүрүүд ивээн тэтгэж буй юм.
Үсчин гоо заслын мэргэжлийн \”Алтан хайч” улсын уралдааныг 2002 онд Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн үсчин, гоо заслын мэргэжлийн багш нар санаачлан зохион байгуулж эхэлсэн гэдгийг тус сургуулийн захирал Б.Даваажав сонирхуулсан. Тэрбээр энэ уралдааныг зохион байгуулсны гол ач холбогдлыг үсчин гоо заслын мэргэжлийн хөгжил болон сургалтын агуулга, багшлах мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх үйлст ихээхэн хувь нэмэр оруулж мөн үсчин гоо заслын мэргэжлийн ирээдүй болсон залуусыг мэргэжилдээ дур сонирхолтой болгон цаашид өсөн дэвжих, хөгжихөд нөлөө үзүүлдэг хэмээн дүгнэсэн юм. Түүнчлэн \”Алтан хайч” улсын уралдааныг 14 жилийн турш тасралтгүй зохион байгуулахдаа олон байгууллагатай хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монголын үсчин гоо заслын холбоо, Монголын оюутны холбоо, \”Ган холдинг” групп ерөнхий ивээн тэтгэгчээр тогтмол оролцож ирснийг ч Б.Даваажав захирал дуулгалаа. Тус сургуулийнхан \”Алтан хайч” тэмцээнийг олон улсын чанартай болгох санаачлага гаргаж ОХУ-ын Эрхүү хотын Политехник коллеж, БНСУ-ын Ханян охидын коллеж, Япон улсын \”Жайка” байгууллагуудтай хамтран гадаадын оюутнуудыг оролцуулж улам илүү өргөжүүлсэн ирсэн туршлагатай. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хувьд Хөдөлмөрийн яам байгуулагдсанаар зохион байгуулж эхэлсэн \”Монгол ур чадвар-2013” анхдугаар уралдааны үсчин, гоо заслын мэргэжлийн шилдгийн шилдэг Гранпри шагналыг авч дараа жил нь болсон тэмцээний шидлгийн шагналыг ч мөн авч байсан амжилтаасаа хуваалцсан юм. Бразилийн Сан Пауло хотноо болсон Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд үсчин, гоо засалч мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Б.Ундармаа , Б.Номингоо нар тус сургуулийн төгсөгчид бөгөөд дэлхийн дэвжээнд ур чадвараа сорих гараагаа тэд \”Алтан хайч”-аас эхэлсэн байна.