\”Зүрхний цэцэгхэн чамдаа”, \”Мартагдашгүй хайр”, \”Зүрхний лимбэчин бүсгүй” зэрэг дуугаараа сонсогчдын танил болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн \”Дорнын цэнхэр аялгуу” уран бүтээлийн тоглолт өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Завхан нутгаас төрсөн авьяаслаг уран бүтээлчийн 19 дэх тоглолтыг СГЗ, хөтлөгч Д.Цоодол хөтлөсөн юм. 19.00 цаг гэхэд Бөхийн өргөөний бүх суудал дүүрч үзэгчид алга ташилтаар тоглолтыг эхлүүлэв. Тоглолтын салхийг хагалж дуучин Б.Батболд \”Би монгол эр хүн” дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөхөд үзэгчид тасралтгүй алга ташсаар байв. \”Дорнын цэнхэр аялгуу” тоглолт эхэлсэн цагаасаа л гэнэтийн сайхан бэлгүүдээр дүүрэн байсныг хэлмээр байна. Тэрээр ханьтайгаа учраад 40 жил болсон байна. \”Энэ хугацаанд миний ажил, мэргэжлийг ойлгож тус дэмжлэг үзүүлж байсан ханьдаа зориулж энэ удаагийн тоглолтоо хийж байгаа” гэдгээ хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан гуай хэлж байсан юм.
Монголын урлагийн үе, үеийн шилдэг уран бүтээлчид оролцсон уг тоглолтонд МУГЖ С.Батсүх, У.Далантай, С.Ганзориг, Ө.Уянга, Л.Болдбаатар болон соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, А.Хосбаяр, О.Баянмөнх, А.Түмэн-Өлзий тэргүүтэй уран бүтээлчид ирж ая дуугаа өргөсөн юм. А.Хосбаярын \”Адуутай намар”, Б.Батболдын \”Би Монгол эр хүн”, \”Хоёр маргаз уул”, Д.Намсрайноровын \”Зүрхний цэцэгхэн чамдаа” зэрэг дууг үзэгчид даган дуулж, алга ташилтыг харамгүй хайрлаж байлаа.
Гурван цагийн турш үргэлжилсэн уг тоглолтын оргил үе буюу гол сюрприз нь СГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Т.Сэр-Од, Б.Бямбабаяр нарын \”төгөлдөр хуурын эгшиглэн” байсан юм. Мөн хэд хэдэн зохиолын дууг дуучид төгөлдөр хууртай дууллаа. \”Хоёр маргаз уул”, \”Дуут нуур”, \”Бүстийн цэнхэр нуур” зэрэг дууг залуу уран бүтээлчид хөгжмийн зохиолчидтойгоо хослон дуулсан нь \”энэ үдшийн сэтгэл догдлуулсан ашгин байлаа” хэмээн үзэгчид сэтгэл өндөр байсан юм. Тоглолтын дундуур Хөгжмийн зохиолч, СГЗ Д.Цэвээнравдантай ярилцлаа.
-Танд юуны өмнө нь баярын мэнд хүргэе. Таны тоглолтыг үзэхээр маш их хүн иржээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл маш өндөр байна. Би 1996 оноос хойш жил бүр тасралтгүйгээр уран бүтээлийн тоглолтоо хийж үзэгч түмэнтэйгээ дуу хуураар дүүрэн нэг үдшийг өнгөрүүлдэг. Өмнө нь би дандаа жижиг танхимд хийдэг байсан. Энэ тоглолтоо ч өмнөх газраа л хийе гэж бодож байтал хүмүүс \”Та олон дуутай байж олон үзэгчдэд зориулж тоглолтоо хий” гэсэн даалгавар өгсөн л дөө. Тэгээд бөхийн өргөөнд хийхээр болсон. Үнэхээр үзэгч түмэн маань миний уран бүтээлийг үнэлж, миний тоглолтыг үзэхээр \”Монгол бөхийн өргөө”-ний суудал дүүрсэн байхыг хараад уран бүтээлч хүний хувьд сэтгэл их хөдлөж байна. Аргагүй л дуунд дуртай ард түмэн юм.
-Жил бүр тоглолтоо хийдэг гэсэн. Энэ удаагийн тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?
-Энэ миний 17 дахь тоглолт. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Уянга, С.Батсүх, У.Далантай, С.Ганзориг нараас эхлээд өнөө цагт сайхан уран бүтээл төрүүлж яваа Х.Батмэнд, Ө.Түмэн-Өлзий, А.Хосбаяр нарын зэрэг олны хайр хүндлэлийг даасан дууг нь сонсох дуртай уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой. Мөн ӨМӨЗО-ны дөрвөн дуучин ирж ая дуугаа өргөж байна. Монгол бүжгийн номерь бий гээд олон олон сайхан бэлэг бий гэж бодож байна. Би дуунуудынхаа аялгууг ардын хөгжимд түлхүү суурилуулж, уламжлалаа гээлгүйгээр зохиодог. Үүгээрээ ч миний бүтээл онцлогтой.
-Энэ удаагийн тоглолтод дан таны бүтээлүүд эгшиглэж байгаа юу?
-Зөвхөн нийтийн дууны уран бүтээлээ л үзэгчдэд сонирхуулж байна. Хөгжмийн бүтээлээсээ оруулвал нэлээн цаг орох тул энэ удаа бусдыг нь хойш тавьсан. Би драм, дуулалт жүжиг тус бүр 10 орчим, бүжгийн 100 гаруй, дан хөгжмийн 20 гаруй зохиол бичсэн. Харин дууны уран бүтээлийн тоо бүр алдаж өгсөн маш олон л гэхээс.
-Таны хөгжмийн, урлагийн мэдрэмж хэзээнээс төрөв. Урлагийн салбарт хичнээн жил зүтгэж байна вэ?
-1972 оноос эхэлсэн. Анхны дуу маань \”Хавар” нэртэй байлаа. Тухайн үед би хүүхэд байсан болохоор хэн нэгэн дуучинд өгч чадалгүй явсаар УБИС-ийн хөгжмийн ангийн оюутан болсон. Гэтэл манай ангийнхан сурч, дуулаад л… Надад маш их урам өгсөн. Тиймээс би \”Ханьсах заяа” дуугаа өлгийдөж, Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт дуучин Д.Банзрагчаар дуулуулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл гээд бодохоор би амьдралынхаа 40 гаруй жилийг хөгжмийн урлагтай холбосон байна. Тэгээд бодохоор би ханьтайгаа учраад 40 жил, урлагтайгаа учраад 40 жил болж байгаа юм билээ. Тиймээс тэмдэглэхгүй байхын аргагүй энэ мөчийг дурсаж энэ удаагийн тоглолтоо ханьдаа зориулж байгаа юм. Гэхдээ өөрт нь хэлээгүй явцын дунд мэдэх болно.
-Танай гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй хүн байдаг вэ. Ер нь таны хүүхдүүдээс урлагийн хүн бий юу?
-Байгаа. Хүү Ц.Оюунбат \”Хязгааргүй” нэртэй студидээ хөгжмийн найруулагч, том охин Ц.Оюун-Эрдэнэ дунд сургуулийн хөгжмийн багш, бага охин Ц.Оюунзаяа \”Улаанбаатар” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад гадаадад мэргэжлээ ахиулахаар яваад саяхан төгссөн. Гэргийг маань А.Отгонбаяр гэдэг. Монголын цахилгаан холбоо компанид насаараа холбооны техникчээр ажилласан.
-\”Дуучин болох хүсэлтэй байсан” тухай уншиж байсан юм байна. Энэ тоглолт дээр хүслээ биелүүлж, дуулах юм биш биз.
-Энэ олон сайхан дуучид дунд би дуулах нь тохиромжгүй байх. Мэргэжлийнхээ дагуу төгөлдөр хуураа эгшиглүүлж, дуучидтайгаа хамт байх нь сайхан. Гэхдээ би дуулдаггүй биш дуулна. Учир нь намайг Ленинградаас ирэхэд оюутнуудыг орон нутагт урлагийн бригадаар явуулсан. Тэгэхэд би хөгжимдөхөөс гадна дуучин болж явлаа. Зарим сумынхан гурваас тав дахиулдаг байсан гээд бод доо. Тэгэхээр би муу дуучин биш байгаа биз дээ. Ятгачин н.Наранбаатар найз маань намайг \”Чиний залуугийн хоолой шиг дуучин одоо ч алга” гэж онгироодог юм. Гэхдээ хөгжим бичих тал нь давамгайлчихсан болохоор дуулахаа орхисон.
Сурвалжилсан: Х.Баяраа