Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн “Хянгануур даваа” гэдэг газар ачааны хоёр автомашин мөргөлдсөнөөс болж хүний амь нас хохирчээ.
Сумын төвөөс хойд зүгт 75 км-т энэ сарын 9-ний өдөр буюу өчигдөр энэ осол болсон бөгөөд Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан А-гийн эзэмшлийн “Юд” загварын ачааны автомашин, Б-гийн эзэмшлийн “Юд” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллажээ. Ослын улмаас Төв аймгийн Чандмань сумын харьяат 38 настай А /эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.